ӨВӨРХАНГАЙ: Шагайн харвааны "Шонхор" баг улсын цолын мялаалга наадмыг хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын мэргэн
Л.Батжаргал ахлагчтай, Баян-Өндөр сумын шагайн харвааны “Шонхор” баг улсын
цолын мялаалга наадмаа энэ амралтын өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгууллаа.
Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар шагайн харвааны төрөлд гутгаар байр эзэлсэн амжилтыг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дээрх багийн харваачдад Улсын хошой мэргэн, Улсын мэргэн цол хүртээн хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ хүрээнд Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ, “Өв-Алтан аргай”, “Бумбат мэргэ” шагайн харвааны салбар зөвлөл, “Шонхор” багаас улсын цолын мялаалга наадам, үндэсний шагайн харвааны тэмцээнийг сумандаа зохион байгуулж, 12 аймгаас 65 багийн 500 гаруй харваач оролцон цэц мэргэнээ сорилоо. Мөн хязаалан насны хурдан морины уралдаан, хүчит 32 бөхийн барилдаан болж, наадамчин олныг баясгав.
Наадмын багийн шагайн харвааны төрөлд Монгол Улсын Хошой мэргэн, Ч.Буянжаргал ахлагчтай, Өмнөговь аймгийн “Алтанговь” баг, цуваа харвааны төрөлд Монгол Улсын Г.Наранбат ахлагчтай, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын баг, Ахмадын хавчаахай харвааны төрөлд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат А.Баясгалан ахлагчтай баг тус тус тэргүүн байр эзэллээ.
Шагайн харвааны “Шонхор” баг нь найман гишүүнтэй, байгуулагдаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд аймаг, бүс, улсын тэмцээнүүдэд дэд, гутгаар байр эзэлсэн олон амжилтыг үзүүлжээ.
“Баян-Өндөр сум нь Монголын үндэсний уламжлалт спортын нэг болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэхэд онцгой анхаардаг. Өсвөрийн шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сумын залуу харваачид тэргүүлж, улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа” хэмээн тус сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал хэллээ.
Сумын шагайн харвааны “Бумбат мэргэ” холбоо нь 2022 онд үндэсний өв соёл шагайн харвааг орон нутагтаа хөгжүүлж, үйл ажиллагаагаараа манлайлсан тул “Монгол Улсын шагайн шилдэг зөвлөл”-өөр шалгарсан байна.