Бага ангийн багш нар шинэ номынхоо нээлтийг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-12 22:15:30

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” сургуулийн бага ангийн багш нар сурагчдад зориулан математик, хүн орчин, монголхэлний хичээлийн дасгал ажлын ном хэвлүүлэн сургалтадаа ашиглаж эхлээд байгаа юм. Багш нар өнгөрөгч амралтын өдөр номынхоо нээлтийг хийж, эцэг эх, бусад багш нарт танилцууллаа.  

Чадварын дэвтэр хэмээн хэмээн нэрлэсэн дасгал ажлын энэ номыг 1-5 дугаар ангийн сурагчид ашиглана. Бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад сургалтын агуулгыг баяжуулсан дасгал ажил дутмаг, багш нар боловсруулсан дасгал ажлаа өдөр тутамд хувилан олшруулах шаардлагатай болж ачаалал нэмдэг явдлаас санаа авч, бага ангийн сурагчдын дасгал ажлыг багцлан ном болгоод хэвлэчихвэл багш сурагчдын хэн хэнд нь тустай болно гэдэг үүднээс  тус сургуулийн 6 багш хамтран чадварын дэвтрийг хэвлүүлжээ.

 “Эрдмийн далай” цогцолбор сургууль нь улсын хэмжээнд сургалтын цөм хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж эхэлсэн 41 лабортори сургуулийн нэг  юм. Цөм хөтөлбөрийг анхнаас нь туршин хэрэгжүүлэхэд гар бие оролцон, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа бодит ямар хэрэгцээ байна, түүнийг олж, багаараа хамтран хэрэгцээнд нийцүүлсэн бүтээл гаргаж байгаагаараа анхны тохиолдол хэмээн багш нарыг бүтээлийг номын нээлтэд хүрэлцэн ирсэн БСШУ- ны яамны хэрэгжилтийн багийн ахлагч А.Баярбаатар тодотголоо. Зөвхөн сурах бичгээр хүүхдийг сургаж хөгжүүлнэ гэвэл учир дутагдалтай. Дасгал ажлаар хүүхдэд суурь чадвар олгоно. Тиймээс энэхүү бүтээл хүүхдэд суурь боловсрол олгоход үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Номын нээлтэд багш нар аймгийн удирдлагуудыг урьсан байна. ИТХ-ын дарга С. Сүхбаатар, Засаг дарга О. Бат- Эрдэнэ нар хамтран хөдөлмөрлөж шинэ бүтээл гаргасан багш нарт ажил хөдөлмөрийн амжилт хүсээд бүтээлийг нь орон нутагтаа түгээн дэлгэрүүлэхэд дэмжих ажиллана гэдгээ илэрхийлэв.

Чадварын дэвтрийг боловсруулахад БСШУСЯ-ны хэрэгжилтийн багийн ахлагч А. Баярбаатар, МУБИС- ын багш доктор Б. Бямбацэрэн, Монгол Улсын гавъяат багш н.Дашдолгор, бага ангийн хүн- орчин, математикийн сурах бичгийн зохиогч Болормаа, Ц. Ганцэцэг нар мэргэжил арга зүйн зөвлөмж туслалцаа үзүүлсэнд талархаж буйгаа багш нар илэрхийлж байна.

Т. Отгонтуяа

相关新闻