Монгол орны агаарын температур 2.25 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Үүнд хүний буруутай үйл ажиллагаанаас гадна дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж буйг судлаачид хэлж байна.
Тиймээс уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох шаардлага тулгараад буйг Цаг
уур орчны шинжилгээний газарт болсон “Цөлжилт,
газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлаар хэлэлцлээ.
Сүүлийн 70 жилд Монгол орны агаарын температур 2.25 хувиар нэмэгджээ. Энэ нь бусад улс орны
агаарын дундаж температураас 2-3 дахин өндөр үзүүлэлт болж байна. Үүнийг дэлхийн улс орнууд 1.5 хувь байлгах зорилт тавьжээ.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 20.7 хувь бууруулах, 2050 он гэхэд тэглэж, тэнцвэржүүлэхийг зорьж байна. Ингэхийн тулд байгаль орчны эрх зүйн орчинг бүрдүүлэх, технологид суурилсан төслүүдийг хэрэгжүүлэх, тэр дундаа ХАА, мал аж ахуйн салбарт анхаарч ажиллах шаардлага тавигдаж байна.
Энэ талаар БОАЖЯ-ны
төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулбал, бүс нутгийг аваад үзэхэд
говь, хээрийн болон газар тариалангийн бүс нутаг цөлжилтөд хамгийн их өртөн нэрвэгдээд
буйг хэллээ. Газрын доройтол, цөлжилтийн үндсэн шалтгаан нь:
- 49 хувь нь хүний үйл
ажиллагаанаас улбаатай хүчин зүйлээс,
- 51 хувь нь орчны нөлөөлөл
буюу уур амьсгалын өөрчлөлтөөс болж байна.
Ус цаг уур, орчны
судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга П.Гомболүүдэв хэлэхдээ,
уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нь дэлхийн агаар мандалд хүлэмжийн
хийн ялгаруулж буй хэмжээнээс ихээхэн хамаарч байна. Үүнээс болж дэлхийн гадаргын
орчин 0.86 хэмээр буюу нэг градусаар дулаарч буйг хэллээ.
Манай улс цөлжилтийн
судалгааг 1992 оноос хойш 5 жил тутам хийж ирэв. 2022 оны судалгаагаар нийт
нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь ямар нэг байдлаар доройтон цөлжилтөд өртсөн
дүн гарчээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хур тунадас багасч,
гангийн эрчим нэмэгджээ. Мөн малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац
хэтэрснээс үүдэн уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байна. Тиймээс
- Экологид суурилсан нөхөн
сэргээх,
- Байгалийн унаган төрхийг
хадгалах,
- Чийгшил бий болоход анхаарах шаардлагатай байгааг олон улсын хурлын үеэр гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд зөвлөж байна.
“Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт”
сэдэвт олон улсын хурлыг БОАЖЯ,
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP), Байгаль орчны
хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн дэд бүсийн хөтөлбөр (NEASPEC) хамтран зохион
байгуулав.