БАЯН-ӨЛГИЙ: Хотон, Хурган нуурын хоолойд зөөврийн гүүр түр хугацаагаар ашиглах хүсэлт гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-20 10:17:42

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар цаг агаарын хэт халалтын улмаас гол, нууруудын усны түвшин эрс нэмэгдэж, энэ сарын 12-ны өдөр Хотон, Хурган нуурыг холбосон хоолойн 105 метр урттай модон гүүр усанд урссан.


Тухайн газар нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын гол газруудын нэг бөгөөд Бага Түргэний хүрхрээг үзэхээр ирсэн аялагчид дээрх гүүрээр дамжин гардаг. Мөн Хотон, Хурган нуурын орчимд Их, Бага Түргэн, Загастай, Хар овоо, Шар булаг зэрэг газруудад зусдаг Цэнгэл сумын 5 дугаар багийн иргэдийн зуслангийн гол зангилаа зам байсан.


Гүүр эвдэрсний улмаас иргэд Могойтын гүүр, Хотон голын гүүрээр дамжин хол зам туулж зусландаа нүүж байгаа. Мөн аялал жуулчлалд ч сөргөөр нөлөөлж байгааг энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хэлж байна.


Үүссэн нөхцөл байдлыг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханд танилцуулсан. Мөн барилга ашиглалт, онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж ажиллан холбогдох дүгнэлтүүдийг гаргаж байгаа.


2003 онд онд барьсан дээрх гүүрээр зуны улиралд 65-75 мянган хүн зорчдог. Одоогоор нуурын усны түвшин багасаагүй тул гүүрийг нэн даруй засварлаж хэвийн байдалд оруулах боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тийм учраас Зэвсэгт хүчний анги байгууллагуудад ашигладаг зөөврийн буюу хөвдөг гүүрийг түр хугацаагаар ашиглах хүсэлтийг аймгийн удирдлагууд улсын Онцгой комисс, Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлээд байна. Хүсэлтийг удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулж боломжтой эсэхийг шийдвэрлэнэ гэдгийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн улсын байцаагч И.Байдол хэлэв.


Харин ирээдүйд Хотон, Хурган нуурын хоолойд төмөр бетон гүүр барихаар төлөвлөж буй бөгөөд 120 метрийн урт гүүрийг 5,6 тэрбум төгрөгөөр барих зураг төсөв нь бэлэн байгаа аж.


Ташрамд сануулахад, тус аймгийн нутаг дэвсгэр дэх голууд үерийн аюултай түвшинд гүрч үерлэсний улмаас орон нутгийн чанартай 10 гүүр усанд урсаад байна.    

 

相关新闻