БАЯН-ӨЛГИЙ: Ховд голын усны түвшин 29 см-ээр багасав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн уулархаг нутгуудын цас цаг агаарын хэт халалтын улмаас энэ сарын 10-наас эхлэн ихээр хайлж, Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшнийг давсан.
Үүний улмаас Хотон, Хурган нуурын хоолойн болон Хув үе, Харганат, Булган, Шар тэгш зэрэг голын модон гүүр, Бугат сумын нутагт орших Хатуугийн голын төмөр бетон гүүрний зорчих хэсэгт цөмөрч, суулт үүсчээ. Мөн Алтай сумын Хар бут голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон байна.
Гол, нуурын усны үерийн хариу арга хэмжээг аймгийн Онцгой байдлын газар, сумдын мэргэжлийн ангиуд албан байгууллага, иргэдтэй хамтран тасралтгүй зохион байгуулж байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Гадаргын ус судлалын салбараас өгсөн мэдээллээр сүүлийн өдрүүдэд усны түвшин тодорхой хэмжээгээр багасчээ. Тухайлбал, Ховд голын усны түвшин Өлгий хот орчмоор өмнөх 7 хоногтой (2023.06.14) харьцуулахад 29 см-ээр багасч 282 см болжээ. Энэ нь үерийн түвшнээс 22 см-ээр давсан, үерийн аюултай түвшнээс 18 см-ээр доогуур үзүүлэлт юм. Харин Согоог голын ус өмнө долоо хоногийнхоос 42 см, Сагсай гол 16 см, Турган гол 25, Хар бут гол 30, Чихэртэй гол 12, Ганц модын гол 22 см-ээр тус тус багасчээ.
Гэхдээ маргаашаас агаарын температур нийт нутгаар +26 хэмд хүрч халах тул усны
түвшин ахин нэмэгдэж магадгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.