Монголын МСС-гийн төслөөр нийслэлийн усан хангамж 80 хувиар нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-06-17 10:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Мянганы Сорилтын сан “Усны тухай ярилцья” сэдэвт уулзалтыг сэтгүүлчидтэй хийлээ. Уулзалт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд боллоо.


Уулзалтаар Монголын Мянганы Сорилтын сан (МСС)-гаас АНУ-ын Засгийн газартай байгуулсан компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцыг танилцуулав.


Монголын МСС-гийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл хэлэхдээ, Монголд Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг барьж буйг онцлоод, манай улсад ийм технологитой, ундны усны үйлдвэр байхгүй. Улам бүр өсөж буй усны хэрэглээний хүртээмж доголдох, газрын доорх ус тодорхой хэмжээгээр бохирдох зэрэг эрсдэл үүсвэл уг үйлдвэр ундны усны хэрэгцээг ханган ажиллана гэв.


Төсөл хэрэгжсэнээр ус хангамж, ариутгах үйлчилгээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулна. Ингэснээр нийслэлийн иргэдийн амьдралын чанарт нөлөөлж болзошгүй усны хомстлоос урьдчилан сэргийлж, ус хангамжийг тогтвортой нэмэгдүүлэх аж. Тодруулбал, “Компакт-2” төслийн хүрээнд нийслэл хотын усан хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 50 хүртэлх сая шоо метр гүн цэвэршүүлсэн усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.


Танилцуулга, мэдээллээр төслийн дэд бүтцийн бүх асуудлыг төлөвлөн шийдвэрлэжээ. Төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар хоёр үндсэн үүрэг хүлээж байна. Үүнд:

  • Монголын МСС-гаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд барьж буй ус дахин боловсруулах болон гүн цэвэршүүлэх гэсэн хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа нь Төв цэвэрлэх шинэ байгууламжийг мөн хугацаанд нь оруулахаас шалтгаалж байна.
  • Мөн Ус сувгийг удирдах газрын үйл ажиллагааг өөрийн төлбөрөөр эргэн санхүүжүүлдэг байх тогтолцоог бий болгох.


Нийслэлийн усан хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох хүрээнд гүний худгууд болон ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байна. Монголын МСС-гийн нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаас гадна Монгол Улсын Засгийн газар 117.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх юм. Төслийн хүрээнд хийх бүх дэд бүтцийн төслүүд 2026 он гэхэд бүрэн ашиглалтад орох тооцоотой байна.


相关新闻