Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы 6 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Энэ хүрээнд 2023 оны Монгол Улсын төсвийг 1.7 их наяд төгрөгөөр тодотгож, нийгэм, эдийн засгийн зарим арга хэмжээг санхүүжүүлэхээр боллоо.
Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийснээр ирэх 7 дугаар сарын 1-нээс дараах боломжууд бүрдэж байна. Үүнд:
- Өндөр настны тэтгэврийн зөрүүг ойртуулж, нийт тэтгэвэр авагсдын тэтгэврийг 10 хувь нэмэгдүүлэх,
- Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх,
- Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх,
- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, сүүлийн 6 сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгох,
- Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх зэрэг багтаж байгаа юм.
Сангийн яамнаас мэдээлж буйгаар Монгол Улсын төсвийн орлого 2023 оны эхний хагаст 1,1 их наядаар давж биелж, цаашид 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Ийнхүү төсвийн орлого давж биелэхэд нүүрсний экспорт голлон нөлөөлжээ.
Сангийн сайд Б.Жавхлан "2023 оны төсвийн орлого 1,7 их наядаар давж биелсэн тул төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдэж байна. Тухайлбал,
- 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх,
- 396 тэрбум төгрөг нь Ахмад настны тэтгэвэр нэмэх,
- 167 тэрбум төгрөг нь Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, сүүлийг 6 сарын мөнгийг нөхөж олгох,
- 89.3 тэрбум төгрөг нь Зорилтот халамжийн тэтгэмж нэмэх,
- 420 тэрбум төгрөг түгжрэлийг бууруулахад тус тус зарцуулагдана.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон. Гэсэн ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд 3.9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрч сайжраад байна. Иймээс 2023 оны төсөвт тодотгол хийж, иргэдийн бодит орлогыг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна" хэмээн мэдээллээ.