ГОВЬ-АЛТАЙ: Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс 324 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-19 13:05:47

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төвд бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 324 зөрчил илрүүлжээ.


Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын ерөнхий байцаагчийн баталсан 07/001 дугаартай урьдчилан сэргийлэх, Барилга хот байгуулалтын яамтай хамтран баталсан 02-00/13, 07-00/07 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжуудын хүрээнд тус аймгийн Засаг даргын 2023 он А/186 дугаартай захирамжаар байгуулсан ажлын баг Есөнбулаг суманд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. 



Ингэхдээ тус ажлын баг аймаг, сумын нутаг дэвсгэрээр бүсчлэн ажиллах ажлын төлөвлөгөө гарган, аймгийн төв болох Есөнбулаг суманд барьж буй 8 барилга угсралт, 3 зам засвар, 2 шугам сүлжээ нийт 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 324 зөрчил, дутагдал илрүүлжээ. Үүний сацуу 64 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 260 зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн ажилласан тухай Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ. 


Барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж аливаа аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхааруулав.


相关新闻