Суурь шинжлэх ухааны сурах бичгүүдийг цахим орчинд байршуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-иас санаачлан “Esan-Үндэсний цахим сан”-гийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй ном, сурах бичгийг цахимжуулж, нийтэд түгээх Цахим сурах бичгийн сангийн нээлт өнөөдөр тус сургуулийн Номын санд боллоо.
Энэхүү төслийн хүрээнд нийт 30 гаруй эрдэмтэн багш нарын зохиосон математик, байгалийн ухааны салбарын ховор сурах бичгүүдийг нээлттэй онлайнд байршуулж, үнэ төлбөргүй ашиглах боломж олгож буйгаараа онцлог юм. Мөн онлайнаар сурах бичиг түгээх уг төсөл Монгол орны боловсролын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн боловсрол судлаачид хэлж байна.
МУИС-ийн сургалт хариуцсан захирал Б.Батжаргал, “Энэ удаагийн нийтэд нээлттэй түгээж буй сурах бичгүүдийг МУИС-ийн үндсэн мэргэжлийн тэнхимүүдийн хурлаар шийдвэрлэж, эрдэмтдийн түвшинд сонгон шалгаруулсан. Мөн дараагийн жагсаалтад бэлэн болсон олон сурах бичиг бий. Энэ төслөөр орон нутаг, алсалсан газар сурах бичиг авах бололцоотой, бололцоогүй бүх хүмүүст МУИС-ийн сайтаар дамжуулан мэргэжлийн түвшний хичээлийг үнэ төлбөргүй үзэх боломж олгож байна” хэмээв.
Энэхүү цахим сурах бичгийн сан
төслөөр хүртээмж нэмэгдэх, хамтын ажиллагааг дэмжих, суралцах өртгийг бууруулах,
сургалтын чанар сайжрах зэрэг давуу талууд бий болно гэж багш эрдэмтэн
судлаачид үзэж байна.
Нээлтэд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан,
МУИС-ийн захирал Д.Бадарч, И Эс Эй Эн компанийн захирал Ц.Мөнхтүвшин болон багш
эрдэмтэн судлаачид, ном сурах бичгийн зохиогчид, оюуны өмчийн төлөөлөл оролцов.
А.Мичидмаа