"Хас банк" хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ “Хас банк” ХХК-ийн нийтэд санал болгон арилжсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцлоо.
Улмаар маргаашнаас буюу 6 дугаар сарын 14-нөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "ХАС" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр болов.
Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүсчээ. “Хас банк” нийт хувьцааныхаа 5.01 хувь буюу 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр нэгж хувьцааг 677 төгрөгөөр санал болгосон юм. Арилжааны үндсэн андеррайтераар “Райнос Инвестмент”, туслах андеррайтераар “Өлзий энд Ко Капитал” ҮЦК-иуд ажиллаж байна. ХасБанк олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийг үйл ажиллагаагаа өргөтгөхөд зориулах буюу зээлийн болон санхүүгийн түрээсийн багцаа нэмэгдүүлэхэд зарцуулна хэмээн мэдэгдлээ.