ХОВД: Малчдын 26.7 хувь нь 18-35 насны залуус байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-12 14:20:58

Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Ховд аймаг өнөөдөр Залуу малчдын чуулга уулзалт зохион байгууллаа.


Ховд аймгийн нийт малчдын 26.7 хувийг 18-35 насны залуус эзэлж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад тэдний төлөөлөл 200 орчим хүн оролцож, малчдад тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ.  


Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн бэлчээр нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчинд нөлөө үүсгэж байгаа учраас малчид малын тоонд бус чанарт анхаарч, бэлчээрээ хамгаалах цаг болсныг хэлж байна. 


Чандмань сумын Урд гол багийн залуу малчин Саранхүүгийн Лхагважаргал хэлэхдээ: "Мал маллах сайхан. Миний хувьд 11 жил мал маллаж, малын ашиг шимийг хүртэж явна. Манай нутагт залуу малчдын тоо цөөрсөн. Бага насны хүүхдээ боловсролын үйлчилгээнд хамруулах үүднээс төв суурин газрыг зорьж байна. Зарим малчин өрх 6 настай хүүхдээ сургуульд оруулахаар хоёр тусдаа амьдрах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Иймээс цаашид хүүхдийг 6 настай сургуульд оруулах бус харин 7 настайд нь сургуульд оруулбал зүгээр байх.

Энэ өвөл, хаврын улиралд цаг агаарын төлөв хүндрэлтэй, бэлчээрийн өвс ургамал тааруу байлаа. Үүнээс шалтгаалан зарим  залуу  малчид  байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлд шантрах тохиолдол байна. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хямд, тогтвортой бус байгаа нь малчдын амьжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж байна. Одоогоор хонины арьс маш хямд, худалдан авч буй газар бараг байхгүй. Иймээс цаашид малын гаралтай түүх эдийг боловсруулах үйлдвэр олноор байгуулах, арьс нэхий, ноос, бусад түүхий эдийн үнийг тогтвортой болгох талаар төрөөс анхаарч ажиллахыг хүсдэг.


Үүний зэрэгцээ бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын асуудал орон нутагт муу байгаагаас бэлчээр доройтож байна. Иймд малчид малын тоо толгойноос илүү ашиг шимийг нь дээшлүүлэхэд анхаарах нь чухал юм. Бэлчээрийн даац хэтэрснээс болж газар нутаг цөлжиж, уур амьсгалын өөрчлөлт гарч байгаа тул мал сүргийнхээ бүтцийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй. Миний хувьд сүүлийн 3 жил 1000 орчим толгой мал тоолуулсан. Цаашид малын тоог 700-800 дотор  барьж, сүргийн бүтцийг чанаржуулахад анхаарна" гэв.    

Мөнххайрхан сумын Борт багийн малчин Тогтохын Буянхишиг: "Өндөр уулын бүсэд 32 жил мал маллаж байна.  Бэлчээрийн даац хэтэрсэн нь малчдад тулгарч буй гол бэрхшээл. Үүнийг шийдэх арга гэвэл малын тоог бууруулж, чанарт анхаарах гэж бодож байна.

Малаас гарч буй бүхэн баялаг байгаасай. Гэтэл одоо хонины ноосыг хог дээр хаядаг боллоо. Сүүлийн үед ноолуурын үнэ тогтворгүй, буурч байна. Мөнххайрхан сумын тухайд уулын бүсэд орших, сэрүүн уур амьсгалтай. Бусад сумтай харьцуулахад хамгийн сүүлд ямаагаа самнадаг. Худалдаа эрхлэгчид эхлээд ноолуурыг үнэтэй авч байсан ч саяхан ноолуурын үнэ буурч, би ноолуураа хямдхан өгсөндөө сэтгэл дундуур л байна. Цаашид ноолуурын үнийг тогтвортой болгох хэрэгтэй. Халуун, хүйтэн ээлжилсэн эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа малчдыг төрөөс бодлогоор дэмжиж, амьжиргааны түвшнийг нь дээшлүүлээсэй гэж боддог. Амьдрах орчин нөхцөл тааруу, хоршиж, хамтарч ажиллахын ашиг тусыг ойлгоогүй, малын өвчин нэмэгдсэн, бэлчээрийн доройтол, хомсдол зэрэг нь малчдад тулгарч буй асуудлын нэгээхэн хэсэг юм" хэмээн хуучиллаа.   

Төрөөс малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, малчдын залгамж халааг бэлтгэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна. Үүний хүрээнд Ховд аймгаас “Залуу малчин, тариаланч өрх” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй. Хөтөлбөрт залуу малчдад хоршоо, нөхөрлөл байгуулах талаар сургалт зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх, ахмад малчдаас туршлага судлуулах гэх мэт үйл ажиллагааг тусгасан байна.  


Энэ удаагийн уулзалтын үеэр хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг байгальд ээлтэй, эрсдэл даах чадвартай, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр зорьж байгааг албаныхан онцлон хэллээ. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд малчдын оролцоог нэмэгдүүлнэ. Уулзалтын явцад мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж, нэгдсэн дүгнэлтэд хүрэхээр төлөвлөжээ.   


Уулзалтад оролцогчид малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх зарим тоног төхөөрөмжтэй танилцаж, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэх боломжуудын талаар шинэ мэдээлэлтэй болж байна.  

相关新闻