Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос эрхлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулж тус аймагт аж төрж байгаа хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл болох 70 гаруй хүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Уг ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийдийн да лам Б.Базаррагчаа нар оролцлоо. Тус аймагт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар болох 295 хүнд 271,5 сая төгрөгийн нөхөх олговор олгож хуульд заасны дагуу гэр сууцаа хураалгуулсан хэлмэгдэгсэдийн эхнэр, нөхөр болох өөрийн гэсэн орон гэргүй таван хүнд гэр, орон сууц олгуулжээ. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ЦАУЗБ салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ:-“Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш эдүгээ улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж ирсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг дурсаж нэр төрийг нь сэргээж дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө гэж аймгийн ИТХ болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комисс уламжлал ёсоор энэ ажлыг зохион байгуулж байна. Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж санаж явах учиртай хүнд адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе бол бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм. Улс төрийн их хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, төр, нийгмийн зүтгэлтэн, цэргийн дарга, тайж ноёд, олон мянган лам хуврагууд, жирийн иргэд хэлмэгдэж байсныг түүх мартах учиргүй. Түүгээр ч үл барам Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээж туурвисан соёлын их өв сүйрэлд автаж нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан юм. Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс онцгой анхаарч ирсэн. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон хууль хяналтын байгууллагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30.0 мянга гаруй хүнийг цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн. Бид хэлмэгдэгсэдийн ар гэрийнхний хүссэн үед нь хүлээн авч санал хүсэлтийг авч ажилладаг. Цаашид хэлмэгдэгсэдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь мөнхжүүлж санаж сэдэж хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллээр сурталчилж дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно” гэв.
Б.Норовсамбуу