Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-09 14:06:52

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан ДНБ-ий 55 хувиас давахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыг өндөрсгөхөөр хуулийн төсөлд тусгажээ.  Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулж зохицуулалт хийх шаардлага үүссэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уншиж сонсгосон ба дүгнэлттэй холбоотой ямар нэг асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймээс байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд санал хураалтын дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг рүү чуулганы хуралдаан шилжсэн. Тус тогтоолтой холбогдуулж байнгын хорооноос зарчмын зөрүүтэй цөөнгүй санал гарсан байна. Тус саналуудаар санал хураалт явуулсан ба тухайлбал, Үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлын тайланг намрын чуулганд танилцуулна хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн гаргасан саналыг олонх дэмжлээ. 

Улмаар уг тогтоолын төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻