Цэвэр усны тоолуурыг орон нутагтаа баталгаажуулдаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-09 09:30:44

Цэвэр усны тоолуурыг орон нутагтаа баталгаажуулах боломж Дундговь аймагт бүрдсэн байна. “Дундговь-Ус” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар тоолуур баталгаажуулалтын лабораторитой болсон бөгөөд ирэх сарын нэгнээс эхлэн баталгаажуулалтыг эхлүүлэхээр болжээ.

Энэ тухайд тус байгууллагын захирал Б.Отгонтөгс тодруулахдаа, “Мандалговь хотод цэвэр усны тоолуур бүхий 1200 шахам хэрэглэгч бий. Шугам хоолойгоор цэвэр ус авдаг бүх хэрэглэгч тоолууржсан байдаг. Гэхдээ анх тавьснаас хойш тоолуурт нэг ч удаа баталгаажуулалт хийгдээгүй, орон нутагт тоолуур баталгаажуулдаггүй учраас зарим хэрэглэгчийн тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан, эвдэрч хэмхэрсэн нь засагдаагүй байдалтай байгаа юм. Тоолуурын хэвийн үйл ажиллагааг хангаж, усны алдагдлыг бууруулах нь энэ онд манай байгууллагын хийх гол нэг ажил болж байгаа учраас тоолуурыг орон нутагтаа баталгаажуулдаг нөхцлийг бүрдүүллээ” гэв.

Усны тоолуурыг хоёр жилд нэг удаа баталгаажуулах ёстой юм байна. Гэвч Мандалговь хотын хэрэглэгчдэд усны тоолуур тавьснаас хойш 6-7 жил өнгөрсөн хэдий ч тоолуурын баталгаажуулалт хийгдээгүй иржээ. Тус байгууллага тоолуурын баталгаажуулалт хийх чиглэлээр хоёр ажилтнаа сургаж бэлдсэн байна.

Т. Отгонтуяа

 

相关新闻