Монголын 16 сурагчтай 2 баг Азийн физикийн олимпиадад оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 21-29-нд зохион байгуулагдах 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу манай улсын 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй 2 баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Сурагчдын 10 нь Улаанбаатар хотын 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол 6 сурагч орон нутгаас шалгарсан байна. Орон нутгийн сурагчид Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас ирж оролцох ажээ. Сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол багийн бүрэлдэхүүнд 2 эмэгтэй сурагч багтаж байна.
Монголын сурагчдыг Монгол Улсын Их Сургууль болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байгаа аж.