СЭЛЭНГЭ: Сувилагч Д.Байгальмаад гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-13 14:42:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас Яаралтай эрчимт эмчилгээний тасгийн туслах сувилагч Д.Байгальмаад гэр олголоо..


Тэрбээр тус эмнэлэгт 7 жил ажиллаж байгаа бөгөөд 5 ам бүлтэй аж. Д.Байгальмаа яаралтай тусламжийн хариуцлагатай, хүнд хүчир, цаг завгүй ажилдаа чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг, мэргэжилдээ үнэнч сувилагчдын нэг юм. Гэвч сүүлийн хоёр жилд өөрийн орон гэргүй, түрээсийн байранд амьдарч байсан байна. Иймээс ажилтныхаа нийгмийн асуудалд анхаарч, мөн тогтвор суурьшилтай, сэтгэл амгалан ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс өргөө гэр бэлэглэжээ.

 

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд нийт 587 сувилагч, тусгай мэргэжилтэн өнөөдөр Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд 87 эмч, сувилагч, мэргэжилтэн дутагдалтай байгаа гэсэн статистик тоо гарсан байна.


Тодруулбал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт найман оронд нэг сувилагч байх ёстой журамтай аж. Гэтэл өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхдэд нэг сувилагч үйлчилж байгаа аж. Энэ нь тухайн сувилагч хоёр дахин ачаалалтай ажиллаж байгааг харуулж байгаа юм.


Тиймээс боловсон хүчний тоог нэмэгдүүлэх шаардлагыг бодлогоор дэмжиж хэрэгжүүлэх асуудал тулгарч байгаа талаар өнгөрсөн сард Орхон аймагт болсон “Сувилагч ба эрх зүй” хэлэлцүүлэгт оролцсон Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын сувилахуй, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхцэцэг дурдаж байв. Тус хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгаас 20 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.

相关新闻