ӨВӨРХАНГАЙ: Хонгор-VIII талбайд газрын тосны хайгуул хийх сонгон шалгаруулалтыг цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-12 16:54:59

Богд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Богд суманд ажиллалаа. Энэ үеэр иргэдтэй уулзалт хийж, төр засаг, аймгаас хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.


Мөн Богд сумын нутагт хамаарах 722811 га талбайд газрын тосны хайгуул хийхтэй холбоотой асуудлаар иргэдэд тайлбар хийлээ. Ашигт малтмалын газрын тосны газраас Өвөрхангай аймгийн Богд, Гучин-Ус, Төгрөг сумын нутаг дэвсгэрийг хамарсан газрын тосны хайгуулын Нэмэгт-VI, Хонгор-VIII нэртэй талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж буйтай холбоотойгоор “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичгийг аймгийн удирдлагуудад ирүүлсэн.

Тус талбай нь аймгийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт цөлөрхөг хээрийн бүсийг дамнан нийт 804401 га хамрах юм. Гэвч нутгийн иргэдийн эсэргүүцлээс шалтгаалан Хонгор-VIII 323311 га талбайд газрын тосны хайгуул хийхтэй холбоотой сонгон шалгаруулалтыг зарлахгүйгээр цуцалж, Нэмэгт-VI 481090 га талбайд сонгон шалгаруулалтыг зарлаагүй байна.

 

“Ашигт малтмалын хайгуул хийх, тусгай зөвшөөрөл олгох эрх аймгийн Засаг даргад байдаггүй. Ашигт малтмал газрын тосны газраас уг шийдвэрийг гаргаж, орон нутгаас санал авдаг. Орон нутгаас хуулийн дагуу 45 хоногийн дотор хариуг өгөх ёстой” хэмээн аймгийн Засаг дарга хэллээ.

Цаашид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн багийн ИНХ, сумын ИТХ-аар хэлэлцүүлдэг байх заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулахаар санал дэвшүүлэхээ Д.Тогтохсүрэн гишүүн хэлэв. 

相关新闻