ӨВӨРХАНГАЙ: Гишүүд сумдад ажиллаж, иргэдтэй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Хайрхандулаан /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,
аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Баруунбаян-Улаан, Хайрхандулаан суманд ажиллаж, иргэдтэй
уулзалт хийлээ.
2023 оны эхний гурван сард улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт гарч, 600 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон. 2023 он дуустал нэг их наядын орлого олох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний үр дүнд цалин, тэтгэврийн зөрүүг арилгаж, доод хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн Д.Тогтохсүрэн гишүүн хэлэв.
Мөн хүүхдийн мөнгийг 100 хувь олгож эхлэх ба өмнөх саруудад хүүхдийн мөнгө авч чадаагүй, хасагдсан хүүхдүүдэд нөхөж олгох юм. 7 дугаар сарын 1-нээс хэрэгжих эдгээр ажилд 1.1 их наяд төгрөг зарцуулах аж.
Иргэдийн зүгээс бэлчээр зохицуулалтын
хуулийг яаралтай батлах, үүнд хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд оролцох нь зөв, сумын төрийн албанд ажиллах боловсон хүчний
дутагдлыг нөхөхийн тулд дээд боловсрол, мэргэжил харгалзахгүйгээр сэтгэлтэй, зүтгэлтэй хүнийг томилж ажиллуулах нь чухал гэж байлаа. Түүнчлэн хүнсний аюулгүй байдал, үнийн өсөлт, хөнгөлөлттэй зээлийн шалгуур үзүүлэлтийн талаар болон Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн
хүрээнд гишүүдийн тоог нэмэхийг үг хэлсэн иргэдийн зүгээс дэмжсэн ч 100 дотор багтаах нь зөв гэх байр суурийг илэрхийлж байв. Харин сонгуулийн холимог тогтолцоогоор явах нь санал гээгдэхгүй
сайн талтай ч иргэдийн сонгох дургүй хүмүүс намын жагсаалтаар гарч ирэх
магадлалтай гэдгийг хэлж байлаа.