ТӨВ: Тариаланчдад хөнгөлөлттэй үнээр үр хуваарилав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Газар тариалангийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр болж, Зуунмод сумын 6 багийн тариаланч иргэд оролцлоо. Энэ үеэр тариаланчдад тариалалтын заавар, зөвлөмжийг агрономич нар өгсөн бөгөөд тус сумын ХХААГ өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон энэ онд хийж байгаа ажлуудаа тайлагналаа.
Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл: “2022 онд төмс,
хүнсний ногооны зориулалттай 14 тоннын багтаамжтай 2 өрхийн зоорь нэмэгдэж, 19
өрх 237 тн багтаамжтай зоорь, агуулахтай болсон. Төмс 5.2 га, хүнсний ногоо
15.4 га-д тус тус тариалж, нийт 20,6 га-д тариалалт хийсэн бөгөөд нийт 60,4 тн
ургац хураан авсан, үүнээс төмс 28,0 тн, хүнсний ногоо 32,4 тн байна.
Энэ онд ХХААХҮЯ-наас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр 320 кг үрийг 6 багийн 346 өрхийн тариаланчдад хуваарилан өгсөн. Цаашид хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдийг хоршоолж ажиллуулах тал дээр анхаарч ажиллана. Нэгдэж хоршоо болж ажиллаж буй тариаланчдаа Хоршоо хөгжүүлэх сан, Аймаг хөгжүүлэх сан зэрэг төсөл хөтөлбөрт хамруулна.
Хүлэмжийн 25 өрхөө 2 бүлэгт хувааж хоршоо болгон зээл
тусламжид хамруулж, тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Мөн бусад газар
тариалан бүхий шефийн харилцаатай сумдын ЗДТГ-т санал тавьж, газар тариалангийн
бүсээс түрээслэх, ашиглах гэрээ байгуулж, иргэдээ зуучилна” гэв. Түүнчлэн иргэд
өөрсдийн идэх хүнсэндээ хяналт тавьж, өөрсдөө тарьж ургуулсан эко хүнсний бүтээгдэхүүнийг
хэрэглэж, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг хүсэв.
.