ХӨВСГӨЛ: Иргэд гоёлын болон жимсний мод худалдан авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт бүх нийтээр мод тарих ажил эхэлсэнтэй холбогдуулан Б.Чингүнжавын талбайд мод бут суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Энэ үеэр иргэд ихэвчлэн хашаандаа гоёлын болон жимсний мод бутыг худалдан авч байлаа.
Голт бор 8000, монос 12000, чацаргана, үхрийн нүдний суулгац 6000-8000
төгрөгөөр худалдаж байлаа.
Тус аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 847000 мод, бут сөөг тарьж ургуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мөрөн сумын Соёмбо цогцолборт хувийн хэвшлийн 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн 80 байгууллага 7000 гаруй мод, бут тарьсан байна.
Харин хойд Дархадын хотгорт цаг агаар хүйтэн, газар
хөлдүү байдаг учраас мод тарих ажлыг 5 дугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөж байна.