ЗАВХАН: Иргэд саналаараа амьдарч буй орчноо сайжруулах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн 9200 гаруй иргэн орон нутгийн
хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих төсөлд санал өгчээ.
2024 онд сум, дүүргийн ОНХС-гийн санхүүжилтээр
хийх хөрөнгө оруулалтад иргэдийн санал авах ажил үргэлжилж байна. Жил бүр 6
дугаар сарыг дуустал хийдэг санал авах ажлыг ихэвчлэн цаасаар авдаг байсан
бол өнгөрсөн жилээс "ОНХС" гар утасны аппликейшн ашиглан цахим хэлбэрээр авч
эхэлсэн.
Өнгөрсөн жил буюу 2022 онд анх удаа улс орон даяар цахимаар санал авахад 200 гаруй мянган цахим санал ирсэн бөгөөд үүний 10 гаруй хувь буюу 27 мянган санал орон нутгаас гарсан байна.
Завхан аймгийн хувьд цахим
болон цаасаар санал авах ажлыг зохион байгуулж, давхардсан тоогоор 7600 гаруй
иргэн санал өгч байсан. Хэдийгээр иргэдийн дийлэнх нь цаасан хэлбэрээр саналаа өгдөг ч
цаашдаа техник технологийн дэвшлийг ашиглах, өөрийн өгсөн саналдаа итгэлтэй
байх.
Хэн нэгэн таны өмнөөс санал өгөхгүй байх, заавал
төрийн ажилтан ирж санал авахыг хүлээхгүй байх, нааш цааш явж чирэгдэл болохгүй,
цаашлаад төрийн хэмнэлтийн хуулиар бодит зардал хэмнэх гээд олон давуу талтай
юм.
Тэгвэл, Завхан аймгийн хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийх ажлын саналуудыг ихэвчлэн цахимаар авахыг иргэдэд уриалж, зарим иргэдэд цахимаар санал өгөх аргачлалыг нь зааж өгөх ажлыг хийж байна.
“Орон нутгийн хөгжлийн сан” бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг сан юм.
Энэ жилийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн
“Орон нутгийн хөгжлийн сан”-д нийтдээ 300 орчим тэрбум төгрөг хуваарилагдахаар
төсөвт батлагдсан байна. Аймаг, нийслэл нь үүний 50-аас доошгүй хувийг сум,
дүүргийнхээ орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг бөгөөд аль аль нь ялгаагүй
иргэдийн саналд тулгуурлан зарцуулагдах хөрөнгө юм.
Ирэх жил хуваарилагдах мөнгөөр юу хийлгэх вэ гэдгийг иргэд та бид энэ жил саналаа өгч шийдэх юм.
Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дор, уялдаа холбоотой байх үүднээс ОНХС-гийн санал авах ажлыг мөн И-Монгол цахим хуудас болон И-Монгол гар утасны аппликейшнтэй холбосон.
Ингэснээр “Үйлчилгээ” хэсгээс ОНХС-гийн санал
өгөх гэж орох боломжтой болсон. Харин “ОНХС” гар утасны
аппликейшныг утсандаа тусад нь татаж суулгаснаар тухайн иргэний оршин сууж
байгаа газрын ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдсан, хэдэн санал гарсан, түүгээр
нь ямар ажлууд хийгдсэн гээд бүх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг, зураг хөрөгтэй
нь үзэх боломжтой гэдгээрээ онцлог.
“ОНХС” аппликейшн бол мэдээлэл авах, буцаагаад
хяналт тавих, саналаа өгөх гээд олон талын ач холбогдолтой, таны гар утсан дээр
байх ёстой аппликейшнуудын нэг юм.
“Орон нутгийн хөгжлийн сан”-гийн цахим санал авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 15-ыг хүртэл улс орон даяар үргэлжилнэ. Орон нутагт 4 дүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар санал авч эхэлсэн.
Иймд, иргэд бид амьдарч буй орчноо сайжруулахын тулд шүүмжилж суух биш өөрийн санаачилгыг гарган “ОНХС” аппликейшныг яг одоо гар утсандаа суулгаад цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.