ХОВД: Ойрын жилүүдэд 2-3 мянган ажлын байр бий болох төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ихэнх ажлын байр нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, барилга, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбарт гарч байна.
"Ойрын жилүүдэд 2-3 мянган ажлын байр бий болно гэсэн тооцоолол бий. Тиймээс боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарах ёстой. “Ховд-Ажлын байр” хөдөлмөрийн яармагийн үеэр зөвхөн ажлын байр танилцуулаад зогсохгүй мэргэжлийн байгууллагатай хамтран сурган дадлагажуулах ажлыг мөн давхар хийж байгаа" гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр онцлон хэллээ.
Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Үйлдвэрлэл технологийн парк байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран 2022 оны 10 дугаар сараас хойш “Ховд-Ажлын байр” сэдэвт хөдөлмөрийн яармаг зохион байгуулах болсон.
"Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй тус өдөрлөгт өнгөрсөн хугацаанд 1500 орчим иргэн оролцож, үр дүнд нь 516 ажлын байр зарлагдан 175 хүн ажилд зуучлагджээ.
Иргэдийг ажилд зуучлах, ажил олгогч, ажилтан хоёрыг холбож ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үр дүнгээ өгч байгаа учир тус үйл ажиллагааг энэ жилээс эхлэн жилд дөрвөн удаа буюу улирал бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Үүний дагуу өнөөдөр 2023 оны хоёрдугаар улирлын хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн байгууллагын захиалгын дагуу 430 ажлын байр нээлттэй зарласан юм.