ХӨВСГӨЛ: 250 сая мод тарих санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-08 16:20:21

Мөрөн /МОНЦАМЭ/Хөвсгөл аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын бореал ойг Хөвсгөл аймагт нөхөн сэргээж ойжуулах төслийн багийн "Номгон форестри" ХХК-тай хамтран ажиллана.


Бореал ойг Хөвсгөл аймагт нөхөн сэргээж ойжуулах төслийн багийн "Номгон форестри" ХХК-ийн гүйцэтгэх захирал Томпсон Терренс, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Арбулаг, Түнэл, Жаргалант сумтай хамтран голын дагуух ойг нөхөн сэргээх, төв суурин газарт хамгаалалтын зурвас байгуулах, доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр мод тарьж хамтран ажиллах юм.


Санамж бичгийн хүрээнд 250 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд цаашдын арчилгаа хамгаалалтыг хамтран хийх бөгөөд тарьц суулгац болон технологийг Австрали, Канад улсын орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан тарих аж.

Бореал ой гэдэг нь бөмбөрцгийн хойд хэсгийн хүйтэн сэрүүн газар ургадаг шилмүүст ойг хэлдэг. Тус ой нь Сибирээс эхэлдэг бөгөөд Хөвсгөл аймгийг төгсгөл нь гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл цэвдгийг хадгалахын тулд хуш, гацуур, шинэс  модыг тарьж ургуулж бореал ойг нөхөн сэргээх аж.

 

相关新闻