БАЯНХОНГОР: Өвөрмөц тогтоцын өвөр байрлах Халиутын рашаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сумын нутагт Хөх хайрхан ууланд 70 орчим метр урт, шохойн чулуун тогтоцтой, Хөндийлжийн гаралтай агуй бий. Агуйд салаалсан хонгил зэрэг зүйл байхгүй бөгөөд хойд хэсэгт нь сэндэр шороо байх агаад нутгийн хүмүүс тэндээс авч ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг байна. Түлэнхий болон яр шарханд түрхэж хэрэглэхээс гадна цусны даралт ихэссэн үед ууж хэрэглэдэг аж.
Тус агуйгаас холгүй Халиут хэмээх рашаан бий. Гидро карбонатын найрлагатай хүйтэн рашаан. Энэ рашааны ойрхон Ламын агуй, Чихний рашаантын агуй, Далан тэмээ ачаа багтаадаг гэх мэт хэд хэдэн томоохон агуй байдаг.
Чихний рашаантын агуйн адраас ус дуслан жижиг тогтоол ус бий болгожээ. Энэ усыг чихэнд дусааж чихний өвчин эмгэгт ашигладаг. Гэвч Монгол оронд агуйн усыг судлах ажил хийгээгүй байгаа бөгөөд иймэрхүү тогтоол устай хэд хэдэн агуй байдаг байна. Даяндээрхийн агуй, Эхийн агуй, Хүнхэрийн агуй, Цагаан дэлийн агуй зэрэг нь өөртөө эмчилгээний чанартай усыг агуулж байдаг аж.