Цэцэг өвчний голомтод хяналт тавих постыг нэмэгдүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-07 21:03:04

Дундговь аймгийн Онцгой комисс өнөөдөр  хуралдаж, хонины цэцэг өвчнийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэр гаргав.

Сайнцагаан сумын Үйзэн багийн нутаг дэвсгэрт үүссэн өвчний голомтын бүс дэхь мал сүрэгт вакцинжуулалтыг өчигдөр хийж дууссан. Хонин сүрэгт хэдийгээр вакцинжуулалт хийсэн ч малчдын отор нүүдэл эхэлж, хөл хөдөлгөөн үүсээд байгаа тул өвчний тархалтыг газар авахуулахгүйн тулд хөл хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах нь зүйтэй гэж Онцгой комиссын гишүүд үзсэн байна. Тиймээс маргаашаас эхлэн голомтын бүсэд  ажиллаж байгаа 3 постыг 10 болгож нэмэгдүүлэх  шийдвэрийг гаргалаа.

Постод Цагдаагийн байгууллагын алба хаагчдаар хүч нэмэгдүүлэх, бусад сумаас малын эмч нарыг дайчлан ажиллах, постод ажиллаж буй төрийн албан хаагчдад ХХАА-н газраас арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг үүрэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар Сайнцагаан сумын Үйзэн багийн 8 өрхийн 460 гаруй хонь цэцэг өвчнөөр өвчилж, 100 гаруй малыг устгасан. Нийт 57 мянган хонь, хурганд вакцин тарьсан байна.

Өнөөдөр дуусч буй 14 хоногийн хорио цээрийн дэглэмийг ч маргаашаас эхлэн дахин 21 хоногоор сунгах нь зүйтэй гэж үзжээ.

Т. Отгонтуяа

相关新闻