Нийт нутгийн 30 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-07 20:34:33

Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь бэлчээрийн нөөцтэй, 40 хувь нь бэлчээр хүрэлцээтэй тул мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин 30 орчим хувьд нь мал сүргээ онд оруулах бэлчээр хүрэлцээгүй  байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн тооцож гаргажээ.

Тус хүрээлэн Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2016- 2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн тооцож гаргасан бөгөөд Дундговь аймгийн бэлчээрийн даацыг дээрхи байдлаар тодорхойсон байна.

Тодруулбал, Адаацаг сумын баруун урд хэсгээр буюу нийт нутгийн 5 орчим хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Сайнцагаан сумын нутгийн хойд болон баруун урд тал, Гурвансайхан сумын төв хэсэг, Говь-Угтаал сумын зүүн тал, Луус, Адаацаг сумын ихэнх нутгаар, Эрдэнэдалай сумын баруун болон зүүн тал, Сайхан-Овоо сумын зүүн хэсгээр, Өлзийт сумын зүүн хэсгээр буюу нийт нутгийн 30 орчим хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэхээр байна. Тиймээс өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс базааж, зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатайг анхааруулжээ.

Түүнчлэн энэ жилийн зуншлага ихэнх нутгаар хэвийн байсан боловч долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр олон хоног агаарын температур хэт халсанаас  бэлчээрийн өвс ургамал шарлан хатаж, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй зэрэг нөхцөл байдал үүссэн. Тус аймгийн зарим сумын бэлчээрт  таана, хөмүүл, шувуун хөл мэтийн сонгинолог ургамалууд голлож ургаж, өвөл хаврын үндсэн бэлчээр болох хагд, борог өвс багатай байгааг сануулсан байна.

Энэ жил Монгол орны  зуншлагын байдал ихэнх нутгаар хэвийн байсан боловч долдугаар сарын сүүлчээс эхлэн говь нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар гандуу болсон. Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой бол 20 гаруй хувь нь мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж тааруу гэж тодорхойлжээ.

Т. Отгонтуяа

相关新闻