ӨМНӨГОВЬ: “Дэлхийн иргэд Ханбогдоос” англи хэлний өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-03 08:33:52

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Ханбогд сумын ЕБС-ийн багш, сурагчдаас санаачлан "Дэлхийн иргэд Ханбогдоос" сэдэвт англи хэлний сургалтын тайлант өдөрлөгийг 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.


Өдөрлөгийн үйл ажиллагааг Ханбогд сумын ЕБС-ийн англи хэлний багш нарын “Shered Goal” мэргэжлийн хөгжлийн бүлгэмээс санаачлан зохион байгуулж байна. Өдөрлөгт аймгийн НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, боловсролын чиглэлээр орон нутгаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны бодлого чиглэл, багш сурагчдад зориулсан төсөл хөтөлбөр, боломжуудыг танилцууллаа.


Мөн өдөрлөгт аймгийн БШУГ, Ханбогд, Цогтцэций сумын ЗДТГ-ын удирдлагууд, Ховд, Баянхонгор, Дархан-Уул аймгийн болон Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён, Цогтцэций, Гурвантэс, Булган, Даланзадгад сумын англи хэлний багш нарын төлөөлөл 100 гаруй хүн оролцож туршлага солилцлоо.


Ханбогд сумын 1, 2 дугаар сургуулийн англи хэлний багш нар шинэлэг арга зүй, багийн ажиллагаа, нэгдмэл хөтөлбөрийн үр дүнг англи хэл суралцагчидтайгаа хамтран тайлан тоглолт хийж, дуу бүжиг, жүжигчилсэн үзүүлбэр, сурагчдын өртөөчилсөн хөтөлбөрийг шинэлэг хэв маягаар харуулснаараа онцлогтой.



Ханбогд сумын хэмжээнд англи хэл суралцаж байгаа 900 гаруй сурагчийг өдөрлөгийн үйл ажиллагаанд 100 хувь оролцуулсан нь бусад мэргэжлийн багш нарт түгээх жишиг ажил боллоо.


Түүнчлэн сурагчдынхаа хэлний мэдлэг чадварыг харуулах хамгийн сонирхолтой аргуудыг ашиглахын зэрэгцээ тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, гадаад хэлийг сурах хамгийн сонирхолтой эвент үйл ажиллагаа болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.  

相关新闻