АРХАНГАЙ: “Архангай 100-Залуучуудын оролцоо” аяны нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Архангай 100 – Залуучуудын оролцоо” аяны нээлт өнгөрсөн амралтын өдөр боллоо.
Аяны гол агуулга залуучуудыг аймгийн 100 жилийн ойн хүрээнд өөрсдийнхөө эргэн тойронд юуг хийж чадах вэ, өөрийгөө хэрхэн бүтээж, бусдад буюу нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд хэрхэн нөлөөлж чадах тухай, цаашлаад үр хүүхэд, гэр бүл, ажил хамт олондоо хэрхэн эерэг хандлагыг түгээж, дадал болгож чадах тухай мэдлэг олгож, “гэрэл асаах”-ыг уриаллаа.
Мөн сургагч багш, лектор Б.Төмөр-Очир “Өөрийгөө бүтээе” лекцийг маш сонирхолтой агуулгаар илтгэж, залуучуудыг шинэ амьдрал руу хөтөлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, хүн байхын учир, сайн хүн байх шалтгаан, нийгмийн сайн сайханд хэрхэн нөлөөлж чадах вэ, хэн нэгнээс хамааралтай бус өөрийнхөө төлөө сайн сайханд тэмүүл, ирэх таван жилийн дараа хэн болохыгоо одооноос тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд зорилгоо хэрхэн тавих тухай ойлголтуудыг өгсөн юм.
Залуучуудын хөгжлийг дэмжих
тухай хууль 2018 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ба тус хуулиар 15-34 насныхныг залуучууд
гэж үзэх юм. Архангай аймгийн тухайд энэ насны 28553 залуус байдаг. Тэдний
төлөөлөл буюу 19 сумын залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, залуучуудын хөгжлийн
зөвлөлийн гишүүд, байгууллагын дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлүүд, ЕБС-ийн
сурагчид, МУБИС-ийн Архангай дахь сургуулийн болон МСҮТ-ийн оюутнуудын 250 гаруй төлөөлөл энэхүү нээлтэд оролцсон юм.