Д.Цахилгаан: Тургеневийн зохиолыг орчуулж байхад дүрүүд нь яг таньдаг хүн шиг сэтгэлд бууж байсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын нэрт зохиолч И.С.Тургеневийн “Анчны тэмдэглэл” өгүүллэг, "Язгууртны үүр” романыг МУСГЗ, орчуулагч Д.Цахилгаан монгол хэлнээ хөрвүүлжээ.
Эдгээр номын нээлт Улаанбаатар дахь "Русский дом"-д өнөөдөр болов.
Оросын реалист
зохиолч, яруу найрагч, нийтлэлч, жүжгийн зохиолч, орчуулагч Иван Сергеевич Тургенев
XIX зууны хоёрдугаар
хагаст Оросын уран зохиолын хөгжилд хамгийн чухал хувь нэмэр оруулсан сонгодог
зохиолчдын нэг юм.
Түүний бүтээлийг
Орос болон барууны орнуудад өндөр үнэлдэг байсан бөгөөд утга зохиолын нөлөө нь
Орос төдийгүй гадаадын уран зохиолд ч мэдэгдэхүйц юм.
Тэрбээр Оросын
уран зохиолд анх удаа жараад оны “шинэ хүн”-ий зан чанар, түүний ёс суртахуун,
сэтгэл зүйн шинж чанарыг судалж үзсэний ачаар “нигилист” гэсэн нэр томьёог орос
хэлээр өргөн хэрэглэж эхэлсэн байна. Баруунд Оросын уран зохиол, жүжгийг
сурталчлагч. Түүний бүтээлийг судлах нь ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн
хөтөлбөрийн зайлшгүй хэсэг юм.
Хамгийн алдартай
бүтээлүүд нь “Анчны тэмдэглэл”, “Муму” өгүүллэг, “Анхны хайр”, “Асия”, “Язгууртны
үүр”, “Аав хөвгүүд” романуудыг дурдаж болно. “Анчны тэмдэглэл” бол
И.С.Тургеневийн 1847-1851 онд “Современник” сэтгүүлд хэвлэгдсэн, 1852 онд
тусдаа хэвлэгдсэн цуврал өгүүллэг юм. 1870-аад онд зохиолч гурван өгүүллэг
бичиж, цуглуулгад нэмж оруулсан байна.
Номын нээлтийн
үеэр СГЗ, орчуулагч Д.Цахилгаан хэлэхдээ, “Оросын суу билэгт сод мэргэн зохиолч
Иван Сергеевич Тургеневийн яндашгүй баян өв сангийн дотроос “Язгууртны үүр”
хэмээх ахуй амьдралын адал явдалт энэхүү зохиол дэлхийн хамгийн олон хэлээр
орчуулагдсан нь юм. “Язгууртны үүр” бол нэгэн цул бүрдэлтэй нэн уран
зохиомжтой, тухайн цаг үе, Орос орны нийгэм, түүхийн үйл явдлын ээдрээ зангилаан
дундуур хувь хүний төдийгүй нэгэн удмын үе үеийнхний заяа тавилан, зовлон
жаргал хэрхэн орчиж байсныг уран яруу дүрсэлж үзүүлсэн, хурц тавилттай зохиол
юм. Зохиолч энэхүү бүтээлээ XIX зууны дунд үед,
өөрөө гуч гаруй насандаа туурвисан бөгөөд тэр үеийн Орос орны ахуй амьдралыг хамжлагат
ёсны бурангуйг нүдэнд харагдтал тод үзүүлсэн юм. Би МУИС-ийн орос хэлний ангид
суралцаж байх үеэсээ Тургеневийн зохиолыг сонирхож эхэлсэн. И.С.Тургеневийн
хэл, найруулга үнэхээр онцгой. Тухайн үеийн ЗХУ, одоогийн ОХУ-ын их, дээд
сургуульд Тургеневийн хэл, найруулгыг заадаг. Түүний зохиолыг орчуулж байхад
дүрүүд нь яг таньдаг хүн шиг сэтгэлд бууж байсан. Тургеневийн бүтээлүүд чамин этгээд
үг хэллэггүй, яруу тансаг, төв Оросын эгшиглэнт аялгаар бичсэн байдаг бөгөөд
энэхүү онцлогийг нь хадгалахыг хичээсэн.
Би тэрхүү амин шинжийг нь хадгалан буулгаж чадсан эсэхийг уншигч, судлаачид хэлэх
биз. Мөн хоёр орны утга соёлын харилцаанд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсан гэдэгтээ
итгэлтэй байна” гэв.
Номын нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, орчуулагч О.Чинбаяр, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, МУСГЗ Л.Дашням нарын орчуулагч, зохиолч, яруу найрагчид оролцов.