АРХАНГАЙ: Ойрын таван жилд нийт 254 сувилагч, тусгай мэргэжилтэн нэн шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Архангай-100" эрүүл мэндийн хөгжил форумаас гарсан орон нутагт сувилагч, тусгай мэргэжилтэн бэлтгэх салбар сургууль байгуулах санаачилга биелэлээ олоход нэг шат ахилаа.
Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нараар ахлуулсан ажлын баг урьдчилсан судалгаа хийхээр Архангай аймагт ажиллалаа.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж, сувилагчийн эрэлт хэрэгцээ болон судалгааны талаар мэдээлэл сонсож, сургууль болгох аймгийн Нэгдсэн эмнэлгийн байртай танилцсан юм.
Аймгийн эрүүл мэндийн салбарын сувилагч нарын 43.8 хувь нь төрөлжсөн мэргэшил эзэмшсэн, магистр сувилагч 5, зөвлөх 1, тэргүүлэх 25, ахлах 62 сувилагч ажиллаж байна.
Сувилагч нарын 93 буюу 32 хувь нь
50-иас дээш настай байгаагийн 45 нь тэтгэвэрт гарсан сувилагч нар байгаа аж.
Багийн эмч нарын 33.8 хувь нь эмчлэх чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй бага эмч нар ажилладаг байгаа нь сувилагч, тусгай мэргэжилтэн бэлтгэх Сувилагчийн сургууль байгуулах үндэслэл болж байгааг аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд онцоллоо.
Мөн сувилагч, эх баригч бага эмч, бага эмч, лаборант, эм найруулагч, рентгэн эмчийн 68 сул орон тоо байгаа ба ойрын таван жилд нийт 254 сувилагч, тусгай мэргэжилтэн нэн шаардлагатай байгаа юм.
Сувилахуйн салбар сургууль байгуулах тухай шийдвэр ирэх 5 дугаар сард гарна гэлээ.
Архангай аймагт сувилагч бэлтгэж байсан түүх бий.
Тухайлбал,
-1937-1938 онд ЗХУ-ын эмч Мартиновын санаачлагаар
сувилагч нарын түр сургуулийг Цэцэрлэг хотод нээн 2 жилийн хугацаанд 50 хүнийг,
-Аймгийн төвд 1950 онд сувилагчийн
курс 50 сурагчтайгаар Хоршоодын холбооны Улаанбуланг түрээслэн авч хичээлээ
эхлүүлж, 1950-1956 оны хооронд 5 удаагийн төгсөлтөөр 210 хүнийг,
-1953 оноос эх баригч нарыг бэлтгэх
3 сарын курс хичээллэж, 28 сурагчийг,
-1955 оны 4 сараас бага эмч нарын
нэг жилийн курс хичээллэж, 4 удаагийн төгсөлтөөр 151 хүнийг,
-1959 оноос дахин сувилагчийн курс
байгуулж, сувилагч нарыг бэлтгэх болж, 1959-1967 онд нийт 396 хүнийг тус тус
суралцуулан төгсгөж, мэргэжлийн үнэмлэх олгож байжээ.
-1957 онд сестрагийн оройн ангийг байгуулсан.
-1960 онд бригадын сувилагч нарын 3
сарын курс хичээллүүлж, бригадын сувилагчийг төгсгөсөн бол,
-1967 оноос сувилагчийн 2 жилийн
сургууль хичээллэж эхлэн 67 хүнийг төгсгөжээ.
-1970 оноос сувилагчийн техник
мэргэжлийн сургуулийг сувилагчийн сургууль гэж нэрлэсэн ба 1971 онд Архангай
аймаг дахь сувилагчийн сургуулийг татан буулгаж, Дархан хотод шилжүүлсэн
түүхтэй аж.