Иранд 1,7 тэрбум доллар өгсөн хэмээн Б.Обамаг буруутгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. Иранд хоригдож байсан Америкийн иргэдийг сулласны дараа гурван удаагийн нислэгээр 1,7 тэрбум долларыг бэлнээр Ираны талд хүргэж өгсөн гэх дуулиантай холбоотойгоор Обамагийн Засгийн газрыг хатуу шүүмжилсээр байна.
Тодруулбал, Америкийн эрх баригчид эхлээд 400 сая доллар, дараа нь 19 хоногийн хугацаанд хоёр удаагийн нислэгээр 1,3 тэрбум долларыг Иранд хүргэж өгсөн аж.
Харин Вашингтон энэ баримтыг няцаахгүй байгаа боловч мөнгө хүргэх ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс цааргалж байна. "Энэ мөнгө бол хоригдож байсан америкчуудыг сулласны хариуд өгч буй мөнгө биш, харин бүр 1979 онд Ираны тал АНУ-аас зэвсэг худалдан авсаныхаа төлбөрийг хийсэн мөнгө. Үүнийг нь л буцаан өгч буй хэрэг, учир нь, тухайн онд Ираны шахыг түлхэн унагасны дараа тус улсын шинэ эрх баригчид мөнгө ч үгүй, зэвсэг ч үгүй болж хоцорч байсан" гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.
Гэсэн хэдий ч сөрөг хүчин болох Бүгд Найрамдах намынхан Иранд буулт хийсэн гэж Цагаан ордныг хүчтэй шүүмжилсээр байна. Энэ нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа бололтой.
Дашрамд дурдахад, энэ оны 1 дүгээр сард АНУ, Ираны эрх баригчид хоригдож буй иргэдээ харилцан солилцох талаар тохиролцоонд хүрснээр Ираны тал 4 хүнийг, Америкийн тал 7 хүнийг тус тус сулласан байна.
Х.Сарнай