ГОВЬ-АЛТАЙ: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтээс санал авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгын хүрээнд олон нийтийн саналыг судлах ажлыг энэ өдрүүдэд Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байна.
Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн ард иргэдийн дунд уулзалт, хэлэлцүүлэг, санал авах ажлыг аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар ард иргэдэд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд авч үзвэл, Хүний эрхийн баталгааг хангах чиглэлийн хүрээнд Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, Иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангахад чиглэсэн 2 заалт, мөн Ард түмнийг төлөөлөх, парламентийн чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд Сонгуулийн холимог тогтолцоог тусгаж, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 1 заалт, Төвлөрлийг сааруулах хүрээнд хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн 1 заалтыг оруулж ирж дэлгэрэнгүй танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр иргэд амаар болон бичгээр саналаа өгсөн юм. Иргэд ихэвчлэн парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлын талаар саналаа хэлж байлаа. Тухайлбал, гишүүдийн тоог нэмэхийг ард иргэд бид дэмжиж болно. Гагцхүү гишүүдийн хээл хахууль, авлигал, нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаа гишүүдэд арга хэмжээ авч тэдэнд хууль үйлчилдэг болмоор байна. Одоогийн 76 гишүүнтэй парламент ард иргэдийн төлөө дорвитой ажиллахгүй байгаа. Хамгийн гол нь иргэдээ төлөөлж ажлаа сайн хийвэл тоо тийм ч чухал биш юм гэж саналаа хэлж байлаа.