ХОВД: Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургуулийн сайн туршлагыг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. "Тогтвортой хөгжлийн
боловсрол-II" төслийн хүрээнд хэрэгжиж буй ажлыг иргэд олон нийтэд
танилцуулах, түгээн дэлгэрүүлэх ажил өрнөж байна.
Тус төслийн түшиц 30 сургууль байгаагийн 4 нь Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль юм. Үүнд Мөнххайрхан, Буянт сумын сургууль болон Жаргалант сумын нэг, хоёрдугаар сургууль багтаж байна.
Иймээс "Тогтвортой хөгжлийн
төлөөх загвар сургуулийн ололт амжилт-сайн туршлага" сэдэвт үйл ажиллагааг
тодорхой хуваарийн дагуу Ховд аймагт зохион байгуулж буй.
Энэ хүрээнд 4 дүгээр сарын 19-нд Жаргалант
сумын ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургууль болон хоёрдугаар сургууль
дээр хэрэгжсэн үндсэн ба дэд төслүүдийн үйл ажиллагааг тайлагнаж, үр дүнг нь
хамтын оролцоотой хэлэлцлээ.
Ховд аймгийн Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургуулиуд
нь өв соёлын өргөө байгуулах, цахим сургалт болон хос бичигтэн, ногоон төгөл гэх мэт
кабинет байгуулах, улмаар сургуульдаа
эко орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч, тогтвортой хөгжлийн боловсролын 17 зорилтыг хэрэгжүүлэхэд сургууль бүхлээрээ оролцож,
хамтран ажиллаж иржээ.
Төслийн үйл ажиллагаа 3 жил гаруй хугацаанд үргэлжилж, сургуулиудад
зайлшгүй шаардлагатай асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төсөл хүлээн авч,
санхүүжилт олгосон аж. Үүний үр дүнд орон нутгийн зарим
сургууль, хамт олон, сурагчид эх дэлхийгээ хайрлан хамгаалах, усаа хэмнэх, хог хаягдлаа ялган ангилах зэрэг
бүтээлч ажил хийж хэвшсэнээ харуулж, сурагчдын
зарим бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
“Тогтвортой хөгжлийн
боловсрол-II” төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин,
аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран анх удаагаа
Боловсролын Сэтгэл зүйчдийг бэлтгэж эхэлсэн нь тогтвортой хөгжлийн боловсролын суурь
зорилтуудыг хангахад ихээхэн нөлөө үзүүлсэн ажил болсон гэж энэ үеэр мэргэжилтнүүд
онцоллоо.




