ОХУ-д хүүхдийн номын санд Монголыг сурталчлах өдөрлөг зохиожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Оросын хүүхдийн улсын номын сантай хамтран Монголын түүх, соёл, уламжлал, хүүхдийн уран зохиолыг танилцуулах өдөрлөгийг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулжээ.
Оросын хүүхдийн улсын номын сангийн зүгээс бяцхан уншигчдадаа дэлхийн улс орнуудыг өөртөө нээж, түүх, соёл, тэр дундаа уран зохиолтой нь танилцах боломж олгох зорилгоор зохион байгуулдаг “Улс орнуудыг нээхүй” (“Открывая страны”) цуврал арга хэмжээний төслийн хүрээнд болсон Монголын өдөрлөгт ОХУ-ын сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, эцэг, эхчүүд өргөнөөр оролцсон байна.
Өдөрлөгийг нээж Оросын хүүхдийн улсын номын сангийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Лебедева, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар мэндчилгээ дэвшүүлжээ.
Тус өдөрлөгт оролцсон хүүхдийн зохиолч О.Сундуй, Ч.Наранцэцэг, номын санч Д.Оюунбилэг, Ц.Нацагдулам нар Монголын хүүхдийн уран зохиолын тухай илтгэл бэлтгэж, хүүхэд багачуудад танилцуулахын зэрэгцээ “Миний Монгол” сэдэвт хүүхдийн уран зургийн үзэсгэлэн болон хүүхдийн номын үзэсгэлэн дэлгэж, арга хэмжээний төгсгөлд өөрсдийн уран бүтээлээс Оросын хүүхдийн улсын номын сангийн сан хөмрөгт хандивлажээ.
Өдөрлөгийн хүрээнд Оросын хүүхдийн улсын номын сангийн Үзэсгэлэнгийн их танхимд Монгол гэрийн үзүүлэн, үндэсний хувцсыг сонирхуулж, Оросын улс түмний найрамдлын их сургууль (РУДН)-ийн монгол оюутнуудын бүжгийн хамтлагийн монгол бүжиг, ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москвагийн их сургуулийн сонсогч Б.Тамир, ЭСЯ-ны ажилтан Д.Чимэд нарын толилуулсан морин хуурын аялгуу, уртын дууг үзүүлжээ. Мөн бяцхан орос зочид монгол ааруул, боорцог, мини-хуушуурыг амтархан идэж, шагайн харваа, “Алаг мэлхий” тоглохыг заалган, уралдаж наадсан байна.
Оросын хүүхдийн улсын номын сангийн зүгээс зохиосон асуулт хариултын уралдаанд орос уншигчид идэвхтэй оролцож, шагнал хүртэхийн зэрэгцээ хүрэлцэн ирсэн монгол хүүхдүүдийн хариултаас Монгол Улсын тухай шинэ зүйлс сурчээ.
Хөтөлбөрийн төгсгөлд ЭСЯ-ны ажиллагсдын хүүхдүүд монгол бичиг, каллиграфын багш Ц.Дорждэрэм, ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москвагийн их сургуулийн сонсогч О.Тэмүүжин нарын тусламжтайгаар алдарт Алунгуа эхийн эв эеийг бэлгэдсэн домгийн жүжигчилсэн тоглолтыг үзүүлж, эв эеийг эрхэмлэхийг каллиграфын урлагаар дамжуулан уриалсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татжээ. Энэ үеэр монгол бичиг, каллиграфын багш Ц.Дорждэрэмийн хөтлөн явуулсан каллиграфын мастер-класст хүүхдүүд идэвхтэй оролцож, Монголын өдөрлөгийн дурсгалын зүйлсийг өөрийн гараар урлаж авч үлдсэн байна.