ДОРНОГОВЬ: “Нээлттэй Дорноговь” чуулган болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд аймгууд эдийн засгийн боломжийг нэмэгдүүлж, хүн амьдрах таатай орчныг бүрдүүлэн, улмаар орон нутагтаа хүн амаа өсгөх бодлого баримталж байна.
Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2023 оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жил болгон зарлаад байна. Зорилтот жилийн хүрээнд хөдөөд ямар боломж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх “Нээлттэй Дорноговь” чуулганыг дөрөвдүгээр сарын 28-29-нд Сайншанд хотод зохион байгуулахаар болжээ.
Мөн аймгийн ИТХ-аар "Нээлттэй Дорноговь" хөтөлбөр баталж суурин хүн амын 20 хувь буюу 14 мянга орчим иргэнийг орон нутагт шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөн, шилжин суурьшигчдад дэд бүтцэд холбогдсон газар олгох, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах, бизнес эрхлэх боломжийг олгох, татварын хөнгөлөлтөд хамруулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.