Нэхмэл судлалын салбар сургууль шинэ технологи нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМШУТИС-ийн Нэхмэл судлалын салбар сургууль Японы Шима Сэки компанийн хөрөнгө оруулалтаар шинэ сургалтын төвтэй боллоо.
Тус сургалтын төв нь SIR-112 SV 12G, SSR-112 SV 12G маркийн хоёр сүлжмэлийн автомат машинтай бөгөөд тус бүр нь 38 сая төгрөгний үнэтэй SDS-ONE APEX3-3 маркийн 14 дизайн системтэй юм байна.
Энэхүү шинэ технологийн тухай Шима Сэки компанийн ерөнхийлөгч Масахиро Шима хэлэхдээ, Монгол Улс бол дэлхийн түүхий эд бэлтгэлийн, ялангуяа ноолуурын 40 хувийг бэлтгэдэг. Миний сонссоноор Монгол Улс ихэвчлэн түүхий эдээ экспортолдог. Бидний оруулж байгаа шинэ технологи бол загвар, программ, үйлдвэрлэл гэсэн цогц системтэй юм. Үүнийг Монгол Улс цаашдаа ашиглах юм бол эдийн засагт ашигтай ажиллахад түлхэц болох байх гэж бодож байна гэлээ.
Нэхмэл судлалын салбар сургуулийн багш, профессор Д.Энхтуяа, 2011 онд ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль /одоогийн Нэхмэл судлалын салбар сургууль/ сургалтын үйл ажиллагаандаа зориулж ”Шима Сэки” SDS-ONE маркийн машин худалдан авч ашиглаж эхэлсэн. Манай улс өөрөө түүхий эдийн орон. Тийм учраас шинэ технологитой ойрхон байвал дэлхийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч болно гэдэг үүднээс энэхүү технологийг оруулж байгаа юм" хэмээн тайлбарлалаа.
Энэхүү дизайн системийн тоног төхөөрөмж дээр сүлжмэл бүтээгдэхүүний тооцоолол, загвар зэрэг бүхий л ажлыг иж бүрнээр нь хийдэг бөгөөд 14 системийн долоог нь Shima Seiki компаниас ивээн тэтгэж, долоог нь Монгол талаас ивээн тэтгэж байгаа юм. Shima Seiki компани нь ийм тоног төхөөрөмж, систем бүхий төвийг өмнө нь АНУ-д байгуулж байжээ.
ШУТИС 1979 оноос хойш дизайнер, зохион бүтээгч 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэж гаргажээ. Төгсөгчдийн 95 хувь нь мэргэжлийн дагуу ажиллаж байгаа юм. Харин Нэхмэл судлалын салбар сургуульийн дээрх сургалтын төвд 25 оюутан суралцаж байгаа юм. Эднийх 3,4 дүгээр курсээс оюутан элсүүлдэг ажээ.
Шинэ сургалтын төвийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд П.Сэлэнгэ, ШУТИС-ийн доктор, профессор Ч. Баасандаш нар оролцлоо.
М.Бумсүрэн
Гэрэл зургийг Н.Батбаяр