Олон улсын ISO стандарт нэвтрүүлэх асуудлаар семинар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын Шадар сайдын дэмжлэгтэйгээр Британийн стандартын байгууллагаас энэ сарын 7-нд “Сайн засаглалд олон улсын стандартыг хэрэглэх нь” семинар зохион байгуулах гэж байна. Энэхүү семинарт Засгийн газар болон түүний харьяа газар агентлагийн удирдлагууд оролцох юм. Энэ тухай ISO стандартын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ.
Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9001 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталж, энэхүү стандартыг нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай нэр бүхий 6 төрийн яамыг хамруулахаар уг төлөвлөгөөнд дурьдсан байдаг. Энэ 6 яамнаас БСШУЯ ISO удирдлагын чанарын стандартын гэрчилгээг өнгөрсөн 6 дугаар сард авсан юм.
ISO 9001 зэрэг менежмэнтийн стандартуудыг Монгол Улсын Засгийн газар, бусад төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагыг Монгол Улсын үндэсний бодлого болгон тодорхойлсноор олон байгууллага 2017 оныг байгууллагынхаа удирдлагад энэхүү стандартыг нэвтрүүлж жинхэнэ ёсоор дэлхийн байгууллага болж глобалчлагдах зорилт дэвшүүлжээ.
Мөн бизнесийн байгууллагууд ISO-г нэвтрүүлснээр бидний дэлхийд гарах гарц нээгдэх бөгөөд эдийн засгийн хямралтай өнөө үед бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж, импортлосноор дотооддоо орох валютын урсгалыг нэмэгдүүлэх эдийн засгийн хямралаас гарах гарц, үндэс нь тавигдах юм.
Дээрх семинарт Британийн стандартын байгууллагын ерөнхий захирал, олон улсын байгууллагын ISO9001 менежмэнтийн стандартын хорооны нарийн бичгийн дарга Чарльз Корри оролцоно. Тэрээр Монгол Улсын стандартуудын хөгжил ямар түвшинд байгаа, олон улсн менежмэнтийн стандартуудыг хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцах зорилготой ирж байгаа ажээ.
Энэхүү арга хэмжээг Британийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Британийн стандартын байгууллагын Монгол дахь салбар, Ажил олгогч эздийн холбоо болон Менежмэнтийн Зөвлөхүүдийн холбоо хамтран зохион байгуулах ажээ.
М.Бумсүрэн
Гэрэл зургийг Н.Батбаяр