Дэлхийн гүнээс өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ бүтэц илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-12 13:56:50

ЛОНДОН. /Nature Communications/. Газар хөдлөлтийн чичирхийллийн долгионыг судалсны үр дүнд урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй давхарга дэлхийн гүнд байгааг эрдэмтэд тогтоожээ.


Манай гаргийн дотоод бүтэц нь царцдас, манти, гадаад болон дотоод цөм гэсэн геологийн үндсэн дөрвөн давхаргаас бүрддэг билээ. Гэхдээ удахгүй эрдэмтэд геологийн сурах бичгийг дахин шинэчилж бичих шаардлагатай болж байгаа бололтой.


Өмнө нь мэдэгдээгүй байсан бүтэц дэлхийн гүнд байгааг Австралийн судлаачид илрүүлжээ. Судлаачид шинэ бүтцийг “хамгийн дотоод цөм” гэж нэрлээд байна. Энэ нь бөмбөрцөг хэлбэрийн төмөр, никелийн нийлмэл хайлш бөгөөд судлаачдын үзэж буйгаар дэлхийн эртний түүхийн нууцыг агуулж байгаа аж.


Эрдэмтэд манай гаргийн дотоод бүтцийн чичирхийллийн долгионы тархалтыг судлах явцдаа энэхүү нуугдмал давхаргыг илрүүлжээ. Ийм чичиргээнд нэг л удаа дүн шинжилгээ хийдэг байсан өмнөх судалгаанаас ялгаатай нь энэ удаад чичирхийллийн “доргиог” таван удаа хүртэл тандан судалснаар өмнө нь мэдэгдээгүй байсан шинэ мэдээллийг олж авсан байна.


Энэхүү судалгаа нь дэлхийн дотоод цөмийг судлах шинэ аргыг нээж байна гэж судалгаа хийсэн эрдэмтэд үзэж байна. Дэлхийн хамгийн дотоод энэхүү цөм дотор гаргуудын дотоод бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлсөн сансрын эртний үйл явцын шинж тэмдгүүд агуулагдаж байгаа гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.


Судалгааны явцад олж авсан шинэ мэдээлэл нь дэлхийн соронзон орон хэрхэн үүссэнийг тайлбарлахад тус дөхөм болно гэж судлаачид мөн онцолжээ. Соронзон орон нь манай гараг дээр амьдрал оршин байх тохиромжтой нөхцөл бүрдэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Учир нь соронзон орон нь дэлхийн гадаргууг огторгуйн цацрагаас, түүнчлэн амьдралын үндэс болсон далай тэнгисийг дэлхийгээс сансар луу "нисэн одохоос" хамгаалдаг билээ.


Судалгааны талаарх өгүүлэл “Nature Communications” сэтгүүлд нийтлэгджээ.

相关新闻