ГОВЬ-АЛТАЙ: Б.Ууганбаяр: Команд штабын сургуулиар газар хөдлөлтийн асуудлыг чухалчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж буй.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг тус аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан, команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг шалгаж, бэлтгэл ажлыг хангуулах заавар, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 11-нд "Ослын үеийн удирдлагын тогтолцоо" сэдэвт сургалтыг Алтай хотноо зохион байгуулж байна. Сургалтад аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүн болон баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний 380 гаруй алба хаагч танхимаар болон цахимаар хамрагдаж, ослын үеийн хариу арга хэмжээний мэдлэг, дадлагаа дээшлүүлж байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:
"Энэ удаагийн команд штабын танхимын сургуульд удирдах бүрэлдэхүүн оролцож байна. Тэдэнд Гамшгаас хамгаалах удирдлагын менежментийн онол, Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн талаар, ослын удирдлагын систем, гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээ яаж зохион байгуулах, нөхцөл байдал, үнэлгээ гэж юу вэ гэдэгт мэдээлэл зөвлөмж өгч байна. Гол нь газар хөдлөлтийн асуудлыг чухалчилж байна" гэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ:
-Монгол Улсын эрэн хайх аврах баг Турк улсад үүрэг гүйцэтгэсэн. Энэ баг бүрэлдэхүүн газар хөдлөлт болсон үед ямар нөхцөл байдал үүсдэг вэ гэдгийг биеэрээ үзээд ирсэн. Иймд үндэснийхээ хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангах, хүмүүсээ сургаж бэлтгэх тогтолцоо бий болгох зайлшгүй шаардлагатай юм" гэв.
Тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн стратегийн команд штабын сургууль болох ажээ.