ӨВӨРХАНГАЙ: Амьтны гаралтай бүх төрлийн өвчлөлийг аймагтаа оношлох боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-10 16:46:06

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Арвайхээр суманд хоёр бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүллээ.

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дэргэд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар урлаг заал, номын сан, таван анги бүхий 120 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа. Үүний үр дүнд тус сургуулийн анги танхимын ачаалал буурч, ээлжийн коэффициент 1.7-д хүрэх, таван анги нэг ээлжинд орж хичээллэх, сурагчид хичээлийн бус цагаар давтлага, дугуйланд хамрагдах, номын санг бүрэн хүчин чадлаар ажиллуулах боломж бүрдэж байгааг захирал Г.Лхагва хэллээ.


Мөн өөрийн байргүй, түрээсийн байраар ажлаа явуулдаг Зооноз өвчин судлалын төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1350 м2 талбай бүхий хоёр давхар албаны шинэ байртай болоод байна. Хоёрдугаар зэрэглэлийн лабораторийг барилгын хамт шийдвэрлэж өгснөөр орон нутгийн хэмжээнд стандарт шаардлагад нийцсэн анхны төв болж байгаа ба амьтны гаралтай бүх төрлийн өвчлөлийг аймагтаа оношилж баталгаажуулах боломж бүрдэж байгаа юм.

Аймгийн ЗӨСТ нь 13 үндсэн ажилтантайгаар цаашид магадлан итгэмжлэгдсэн лаборатори бүхий бүсийн төв болох зорилт тавин ажиллаж байна. 

相关新闻