ХОВД: Байгаль орчны чиглэлээр хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-03 10:55:15

Жаргалант /МОНЦАМЭ/.  Харс нуур орчмын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалт хийж байна.

Тус ажлыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хууль бусаар байгалийн нөөц баялгийг ашиглах, бэлтгэх, амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлахын зэрэгцээ илэрсэн зөрчлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж байна.   

Загасны үржлийн үе эхлэж байгаа тул ахуйн зориулалтаар загасчлахыг хуулиар хориглосон байдаг. Тодруулбал, жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар загас агнах, барихыг хоригложээ. 

Хар-Ус нуур, Хар нуур болон Ховд голын сав дагуух байгалийн нөөц баялгийг хамгаалах, хууль бусаар загас агнах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох, арилгах, улмаар иргэдэд байгаль орчны багц  хуулийг сурталчлах зорилготой  байнгын эргүүл, хяналт шалгалтын ажил 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тасралтгүй үргэлжилж байгаа гэж албан эх сурвалжууд цахим орчинд мэдээллээ.  

Иргэд цаашид хууль бусаар загас, шувуу болон бусад  амьтан агнах, барих, худалдах, худалдан авах зэрэг хууль бус үйл ажиллагаа зохион байгуулахгүй, зөрчил гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. 

 

相关新闻