"Их-20"-ийн удирдагчид дэлхийн эдийн засагт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-04 12:49:40

БЭЭЖИН. /Kyodo/. Аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын “Их-20” бүлгийн удирдагчид өнөөдөр Хятад улсад уулзаж, дэлхийн эдийн засагт тулгарч байгаа сорилтуудыг хэлэлцэнэ.

“Их-20”-ийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт Хятад улсын Жөзян мужийн төв Ханжоу хотод өнөөдөр эхэлнэ.

Уг уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын дарга Си Зиньпин тэргүүтэй хүмүүс оролцох юм.

Хөгжиж буй улсуудын эдийн засгийн өсөлт удааширч, Их Британи Европын Холбооноос гарахаар шийдсэн, террорист халдлагууд удаа дараа болж байгаа зэрэгтэй холбоотойгоор дэлхийн эдийн засагт олон сорилт тулгарч буй энэ үед уг уулзалт болох гэж байна.

Эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд улс орнууд хэрхэн хамтран ажиллах асуудлыг дээд хэмжээний уулзалтын үеэр голлон хэлэлцэх төлөвтэй байна.

Мөн дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хоёр талын уулзалт хийж байгаа ажээ.

Тэд Солонгосын Хойгийн нөхцөл байдал зэрэг аюулгүй байдлын асуудлууд, терроризмтой тэмцэх арга хэмжээ болон эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэж байж магадгүй гэж шинжээчид хэллээ.

Г.Доржханд

 

相关新闻