"Хермин" хар салхи Флоридаг чиглэн ирж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /Kazinform/. “Хермин” хэмээх халуун орны шуурганы хүч илт нэмэгдэн хар салхи болж хувирснаар Флорида муж улсын нутгаар дайран өнгөрөх аюул нүүрлэжээ.
Уг хар салхи Хойд Флоридагийн эрэгт баасан гарагт Гринвичийн цагаар 04:00 цагт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд 2005 оноос хойш тус муж улсыг дайрч буй анхны хар салхи болжээ. Муж улсын захирагч Рик Скотт 51 засаг захиргааны нэгжид онц байдал зарлаад байгаа бөгөөд үүний дагуу оршин суугчдыг хоргодох байр руу нүүлгэж байна.
Салхины хурд пүрэв гарагт 130 км/цагт хүрсэн гэж Хар салхи судлалын үндэсний төвөөс /NHC/ мэдээллээ. Флоридагийн Үндэсний аврах албаны 8000 ажилтан бэлэн байдалд орсон байна. Тус муж улсын баруун хойд хэсгийн таван засаг захиргааны нэгжийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг захирагч Скотт тушаажээ.
Цаг уурын мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, “Хермин” хар салхи Жоржиа болон Өмнөд Каролин муж улсуудыг дайран өнгөрөх магадлалтай байгаа бөгөөд ирэх өдрүүдэд АНУ-ын зүүн эргээр ихээхэн хэмжээний бороо орох ажээ. Жоржиа муж улсын захирагч Натан Дийл засаг захиргааны 56 нэгжийн нутаг дэвсгэрт онцгой байдлын дэглэм тогтоогоод байна.
Хамгийн сүүлд 2005 онд АНУ-ын эрэгт тулж ирж байсан “Вилма” хэмээх хар салхи Флоридаг дайрч байсан бол энэ онд “Катрина” хар салхи мөн АНУ-ын нутгийг дайрч байв. Үүний улмаас 5 хүн амиа алдаж, 23 тэрбум долларын хохирол учирчээ.
Х.Сарнай