Энэтхэгт хүний наймаа 25 хувиар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-09-02 12:13:58

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Өнгөрсөн онд Энэтхэгт гарсан хүний наймааны хэргийн тоо өмнөх оныхоос 25 хувиар нэмэгдэж, эдгээр хэргийн золиос болсон хүмүүсийн 40 гаруй хувь нь хүүхдүүд байна гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгдсэн байна.

2014 онд хүний наймааны 5466 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2015 онд 6877 болж өсчээ. Хамгийн олон тооны гэмт хэрэг зүүн өмнөд нутгийн Ассам мужид гарсныг Энэтхэгийн Үндэсний гэмт хэргийн бүртгэлийн товчооноос гаргасан мэдээлэлд дурджээ.

Хүний наймааны гэмт хэрэгт өртсөн 9127 хохирогчийн 43 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд байна. Бага насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн боол болгох зорилгоор тэднийг худалдах, хорих зэрэг нь хүн наймаалах гэмт хэргийн төрөлд багтаж байна.

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын ажилтнууд эдгээр мэдээлэлтэй холбоотойгоор цагдаа нарын чадавхийг сайжруулж, олон нийтийн дунд хүний наймааны талаар мэдлэгийг нэмэгдүүлэхийг уриалаад, ингэснээр уг гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн хэрэгжилт үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч хөдөө орон нутгийн ядуу зүдүү иргэд энэ гэмт хэргийн талаар ямар ч ойлголтгүй байгаа учраас хохирогчдын тоо улам нэмэгдэж магадгүйг хүний эрхийг хамгаалагчид анхаарууллаа.

Д.Нямтулга

 

 

相关新闻