Батлан хамгаалах салбарын багц хуулийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-09-01 22:37:32

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Eрөнхийлөгчөөс 2016 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Эхлээд Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/; эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдэд танилцуулав.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуух асуулттай гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 83 хувийн саналаар хуулийн төслийг батлав.

Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг батлагдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл цэргийн албан хаагчийн нийгмийн халамж, цол, онцгой байдлын нэмэгдэл, цэргийн байгууллагад ажиллаж буй энгийн алба хаагчдийн асуудалд анхаарах ёстойг сануулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж өөр саналтай гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол, найруулгын санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.24.5 дахь хэсгийг үндэслэн 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/, төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 70.8 хувийн саналаар дэмжигдлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат шинээр хууль батлан гарахтай холбогдсон зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж, тодруулсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр эдгээр хуулиудыг батлан гаргахад ямарваа нэгэн нэмэлт санхүүгийн зардал үүсэхгүй болохыг хэлснээр гишүүд асуулт асууж, санал хэлж дууссан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.

Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс, барим бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчилсэн хувилбарыг ихээхэн хэмжээний хүч хөдөлмөр, оюун ухаан заран гурван удаагийн УИХ, мөн нилээдгүй тооны Засгийн газрыг дамнуулан байж шинэчлэн баталж чадлаа. Хэдийгээр багагүй урт хугацаанд үргэлжилсэн ч эцсийн дүндээ манай улс төрийн хүчнүүд эх орныхоо язгуур эрх ашгийн үүднээс санаа бодлоо нэгтгэж чаддагийг харуулсан. Монголын төрт ёсны бодлого үргэлжилсээр байгааг тод илэрхийлсэн чухал үйл явдал боллоо гэж үзэж байна. Өнгөрсөн онд батлагдсан Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс болон өнөөдөр бидний эцэслэн баталсан багц хуулийн гол ач холбогдол нь энэ хууль салбарын эрх зүйн орчны шинэчлэлд нэгэн шинэ үеийг нээж байгаа юм. Монгол Улсын цэргийн байгуулал нэгдмэл байх тухай олон жил үргэлжилсэн улс төрийн маргаан, үзэл бодлын зөрчилдөөнийг нэг мөр болгон шийдвэрлэж чадсанд оршиж байна. Үүний тулд бид төрийн цэргийн байгуулал гэдэг манай улсын эрх зүйн хэм хэмжээний хувьд шинэ ойлголтыг маш тодорхой томьёолон үүндээ зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага багтаан анх удаа хуульчлан баталлаа. Ингээд Монголын Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс баримт бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдгээрийг батлуулахын төлөө чин сэтгэлийн зүтгэл гаргаж дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлье. Эдгээр баримт бичиг, багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийн төлөө санаа нэгдэн ажилласан өмнөх УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж, энэ хуулийн төслүүдийг эцэслэн баталсан болон Анхдугаар чуулганаараа батлан хамгаалах салбарын бодлогыг онцгойлон үзэж Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгохыг дэмжиж хуульчлан баталгаажуулсан эрхэм гишүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн ажлын хэсэгт орж ажилласан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад байгууллагын эрдэмтэд, мэргэжилтнүүддээ талархаж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр сүлд үүрд мөнх бадран мандах болтугай” хэмээв.

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлээд байгаа аж.

БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй байгаа юм байна.

Татварын ерөнхий хуулийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой. Мөн Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан тул дээрх хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүндийн 25.5 хувь дээрх саналыг дэмжээгүй тул Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Тэмээний боловсруулаагүй ноосыг экспортын гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Өнгөрсөн 4 жилийн байдлаар малын гаралтай түүхий эдийн экспорт нийт экспортын 6-7 хувийг эзэлж байсан бөгөөд жилд дунджаар 310 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний малын гаралтай түүхий эд экспортлосон байна. Үүний дийлэнх хэсэг буюу 60 орчим хувийг мал, амьтны самнаагүй үс, хялгас эзэлж байна. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор импотлогч орноос экспортлогч орон болох бодлогыг хэрэгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлыг татварын бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх ба үүгээр малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлж байгаа юм байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа гэдгийн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. Төсөл батлагдвал 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан С.Эрдэнэ экспортын татвараас чөлөөлснөөр төсөвт хэр хэмжээний мөнгө орох, цаашдаа үндэсний үйлдвэрлэгч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Экспортын татварыг тэглэх учраас төсөвт ямар нэгэн орлого орохгүй. Түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүн болгохгүйгээр экспортод гаргах нь сайн зүйл биш гэдэгтээ санал нэг байна. Гэхдээ өнөөгийн нөхцөлд экспортын татвар ногддог бараа бүтээгдэхүүн бол тэмээний самнаагүй ноос байгаа юм. Одоогийн байдалд түр хугацаанд эхний ээлжинд энэ экспортын татварыг чөлөөлж гаргаж байгаад манай үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдээд ирэх үед таны ярьж байгчлан буцаагаад татвартай болгож болох байх. Дотоодын зах зээл малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ унасан байгаа учраас ойрын нэг, хоёр жилийн хугацаанд татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн хариулт өгсөн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.7 хувийн саналаар Засгийн газраас 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Н.Гантуяа


 

 

相关新闻