СЭЛЭНГЭ: Хилчдийн үндсэн үүргийг алдагдуулахад хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-03 13:53:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0243-р ангийн захиргаанаас хилийн зурваст нутаглаж байгаа Алтанбулаг сумын Цөх багийн малчин иргэдтэй гурвалсан гэрээ байгууллаа. Тус гурвалсан гэрээг Хил хамгаалах байгууллага, малчин, тухайн сумын Засаг дарга болон багийн дарга нар хамтарч байгуулдаг байна.  

 

Энэхүү гэрээний үндсэн зорилго нь Монгол Улсын хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 149 дүгээр зарлигийн хэрэгжилтийг хангах, улсын хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хилчид, иргэдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоорондын үйл ажиллагааг зохицуулахад оршдог байна.

 

Гэрээнд зааснаар, Хилийн бүс, зурваст нутаглах иргэн, өрхийг бүртгэл судалгаанд авч, тухайн сумын ХХТХ-ний /хил хамгаалахад туслах хүчний/ зөвлөлийн даргаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зөвшөөрөл олгон гэрээ байгуулж, хилийн зурвас, бүсэд нутаглуулдаг ажээ.

 

Мөн хуулийн дагуу хилийн зурвас, бүсэд нутаглах айл өрх, малын судалгааг өвөл 11, хавар 3, намар 8 дугаар сард гарган хилийн бүс, зурваст нутаглуулах хүсэлтийн хамт ангийн штабт ирүүлж, хамтарсан гэрээ байгуулан зөвшөөрөл олгуулж, заагдсан газарт нутаглуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

 

Ийнхүү хилийн отряд, заставаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулсан малчид цаашид хилийн бүс, зурваст нутаглаж, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болж байгаа аж. Эдгээр малчид хуулийн хүрээнд хилийн зурваст нутаглах үедээ отряд, заставаас тогтоосон чиглэлд хил хамгаалалтад оролцон, тухайн хилийн заставын хариуцсан хэсэгт явагдсан хилийн эрлийн ажиллагаанд оролцох үүрэг хүлээдэг аж.

 

Хилчид үндсэн үүргээ умартахад хүрч байна

 Улсын хил хамгаалахаар үүрэг тушаал аваад хоногийн 8-10 цагийн хилийн манаанд үүрэг гүйцэтгэхээр гарсан хилийн манаа нь ОХУ-ын талаас болон манай талаас цагийн байдал ямар байна гэх мэдээлэл цуглуулах, хилийн инженер торон саад, хилийн багана тэмдгээ шалгах, бүс нутгийн оршин сууж буй ард иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буй ямар нэг зүйл байгаа эсэхэд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй томилогдоод явдаг аж.

Гэтэл тодорхой үүрэг чиглэлтэй явж буй хилийн манаа тэр үндсэн үүргээ орхиод мал хариулах үүрэгтэй болжээ.


ХЦ-ийн салбарын захирагч Э.Өлзийбаяр: Манай застав Алтанбулаг сумаас зүүн тийш нийт 32 км хэсгийг хариуцдаг. Энэ хэсэг нь газар тариалангийн бүс, орон нутгийн иргэд, малчид олноор суурьшсан бөгөөд малын бэлчээр хомсодсоны улмаас Цөх багийн иргэдийн мал хилийн зурвас руу нэлээд тулж бэлчээрлэдэг онцлогтой нутаг.  

Хилийн зурваст иргэн, малчин хариулгагүй малаа бэлчээрлүүлсэн тохиолдолд хилийн орчимд дэглэмийн зөрчил болоод явдаг. Үүнийг малчдад хэлэхэд манай мал тор луу ороогүй гэж урдаас хэлдэг. Энэ нь ард иргэдийн хуулийн ойлголт ямар байгааг харуулж байна.

Манай хариуцсан хэсэгт 8 айлын 300-400 орчим үхэр байдаг. Эдгээрийг Алтанбулаг сумын Засаг дарга, багийн дарга нарын хүсэлтээр хилийн торонд хариулуулснаар тухайн чиглэлээр гарч байгаа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил буурсан. Тэгэхээр энэ бол нэлээд үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа гэв.  

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хоногт авч байгаа ажлын ачаалал 10 цаг байх бөгөөд дор хаяж 8 цаг амарсан байх ёстой. Гэтэл түүний хэдэн цаг нь малтай холбоотой байна вэ гэсэн асуудал хилчдэд үүсээд байна. Хилийн манаа тодорхой хэмжээний замналтай, зорилготой явдаг байна.

Гэтэл заставаас томилогдсон, харуулаас томилогдсон манаа яг үндсэн үүргээ биш, мал маллах үндсэн үүрэгтэй болоод байгаа ажээ. Жишээ нь, хэний адуу, үхэр хилд тулж байна, үүнийг айлын хашаа руу оруулахгүйн төлөө хилчид тэмцээд явж байна хэмээн ХЦ-ийн салбарын захирагч Э.Ган-Эрдэнэ ярьсан юм.

Нэг үгээр хэлбэл, хилчид бараг малчин шиг мал хариулаад явж байгаа асуудал үүсчээ. Энэ байдлаас үүдэн хилчдийн амралт, ажлын ачаалал нь алдагдсан байна. Дээр нь хилчдийн морь өдөржин адуу, үхэр туусаар эцэж, турж, ядарч өвлийг давж чадахгүйд хүрчээ.

Өнөөдөр хилчид хэний адуу, үхэр вэ гэдгийг андахгүй мэддэг болсон байна.  


Сүүлийн 5 жилийн судалгаагаар, гаднаас нэлээд олон малчин шилжин ирж нутагласнаас бэлчээрийн даац муудаж, хил орчмын зөрчил нэмэгдсэн байна. Зөвхөн өнгөрсөн жилийн хугацаанд 5 удаа 159 мал хилийн бүсэд тулж зөрчил гаргасныг харуулаас томилогдсон манаа илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэжээ.  

Хил хамгаалах байгууллагын тухай, хилийн тухай хуулийг малчдад байнга сурталчилдаг бөгөөд зөрчил гаргасан малчидтай зөрчлийн тухай хуулийн дагуу мөнгөн торгууль оногдуулж ажилладаг байна. Хуулийн дагуу хичнээн тооны мал байгаа нь хамаарахгүйгээр 100 нэгжээр торгодог ажээ.

Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын хилийн дэглэмийн гэрээ гэж байдаг байна. Тэр хилийн дэглэмээрээ Монгол Улсын тал ОХУ-ын талаас дараах үүргүүдийг хүлээнэ гээд, дэглэмийн гэрээгээр тодорхой зааж өгсөн байдаг аж. Тэгэхээр ОХУ-ын тал руу мал бэлчээрээр давахад шууд албан захидлаар Монголын талд мэдээлдэг байна.  

Малаас гадна тус хилийн салбарын хариуцсан хэсгээр хил залгаа Алтанбулаг Олон улсын боомттой ойрхон учраас зөрчил гарах эрсдэл өндөр байдаг байна. Тухайлбал, өнгөрсөн жил Ардчилсан Солонгос улсын иргэн хил зөрчсөн асуудал гарчээ.


Б.Төрбат: Заримдаа хил хамгаалах биш, малчин хийгээд байна уу гэх бодол төрдөг дөө


Намайг Б.Төрбат гэдэг. Би Булган аймгийн Рашаант сумаас 2022 оны 2-р ээлжээр Хилийн цэргийн 0243-р ангид ирсэн. Хил хамгаалахад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Бид өглөө босоод хилээ хамгаалах ёстой байдаг. Гэтэл мал хилд тулах асуудал байнга гардаг учир заримдаа хил хамгаалах биш, малчин хийгээд байна уу даа гэх бодол төрдөг дөө.

Бид хилийн манаанд явж байхдаа хилд тулсан малыг илрүүлэн застав руугаа мэдэгдэж, заставаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгэдэг. Нэг бол эзэнд нь хүлээлгэж өгнө, эсвэл нааш нь татна.

Бид үүргээ морьтой гүйцэтгэдэг. Хилийн манаанд явж байгаа малыг 1-2 өдөр болоод амраах ёстой. Гэтэл өдөр бүр айлын мал туугаад байгаа болохоор морь амархан эцэж, ядарч, турдаг.

Цэрэгт ирээд маш их зүйлийг сурч, мэдэж авсан. Үеийнхээ цэргүүдэд эр цэргийн албаа нэр төртэй хаагаарай гэж хэлье хэмээв.


Цөх багийн малчин Ц.Наранцэцэг: Өвөлдөө малаа хилийн торон дотор ээлжээр хариулдаг болсон

Энд малын бэлчээр хомсдолтой. Манай “Оргидог” багт 11 малчин өрх байдаг. Эдгээр өрх зун 6-р сарын 20-д гээд зусландаа гардаг. Намар 10-р сарын 15 гээд малаа тариалангийн талбай, хилийн бүсээ хамгаалж, хариулгатай байлгадаг. Өвөлдөө малын бэлчээр муудаад ирэхээр бас ээлжээр хариулдаг. Бид хилчдээ хэрэгцээт зүйлээр дэмжиж ажиллахыг хичээдэг. Бидэнд хамгийн их тулгарч байгаа асуудал бол Цөхийн дугаар заставтайгаа хамтраад хилийн торны шонгийн модыг шинэчлэх юм.       


Малчин Д.Балжинням: Хилийн бүс нутагт мал маллах хэцүү

Малаа хил давуулж байсан үе бий. Хөөрхий хилчид биднийг харж үзэж, хүйтэнд цастай, бэлчээр хомс үед харж үзэж хориотой бүсдээ малаа бэлчээхийг зөвшөөрч өгч байна. Бид энэ хилийн торон дотор малаа ээлжээр хариулдаг. Гурвалсан гэрээ байгуулаад энэ торон дотор малаа оруулах эрх авсан. Бидний хувьд өвлийн цагт л ингэж нэг л зүгт бэлчээх шаардлагатай болоод байдаг, зун, хавар бол бэлчээр байгаа. Цас ханзарчихвал учиртай.


Малчдаа харж үздэг хилчдэдээ их баярлаж байна. Малаа хариулах өдрөө маш хариуцлагатай байх ёстой. Бид зүтгэж л байна. Мал маань онд мэнд сайн орлоо. Аймгийнхаа бодлого шийдвэрийг хүндэтгэн цөөн тооны малтай байхыг хичээж байна. Ашиг шимтэй малтай болохоор зүтгэж байна. Үхрийнхээ тоог 50-100, бог малаа 500-д барих боломж бий.    


Хилчид иргэдэд учирч болох 720 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ 

Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0243-р ангийн бие бүрэлдэхүүн Монгол улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ тасралтгүй, нэр төртэйгөөр гүйцэтгэхийн зэрэгцээ хил орчмын ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар онцгойлон анхаарч ажилладаг байна.  

 

Тухайлбал өнгөрсөн онд зөвхөн хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр улсын хилд тулсан 22 удаагийн 570 толгой малыг эздэд нь буцаан өгч иргэдэд учирч болох 720 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

 

Хилчид иргэдийн мал, хөрөнгийг хамгаалахын тулд улсын хилд үүрэг гүйцэтгэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хугацааныхаа тал хувийг зарцуулж байгаа судалгаа гарчээ.

Иргэдийн хариуцлагагүй байдлаас 2022 онд 13 удаагийн 170 толгой мал, үүнд 18 тооны үхэр, 152 тооны адуу хил давж, Монгол Улс, ОХУ-ын хоорондын хилийн дэглэмийн гэрээ зөрчигдөхөд хүргэсэн байна.  

Уг асуудлыг хамтран шийдвэрлэх, зөрчлийг тогтоох асуудлаар ОХУ-ын талтай хилчид уулзалт, хэлэлцээр хийн иргэдийн малыг буцаан эздэд нь олгож, нийт 215 сая төгрөгийн хохирлоос сэргийлэн ажиллажээ.

 

Түүнчлэн өнгөрсөн онд нэг явган хүн хил зөрчиж орж ирэхийг завдсаныг тус заставын бие бүрэлдэхүүн илрүүлэн саатуулжээ. Мөн Монголын 3 иргэн Алтанбулаг сумын хариуцсан хэсэг болох Цөх голоос зөвшөөрөлгүй загас барьж яваад хил давсан зөрчлүүдийг илрүүлэн саатуулжээ.


Хилийн дэглэмийн 8 удаагийн үйлдлээр 98 тооны адуу бэлчээрээр улсын хил давсныг ОХУ-тай хэлэлцээр хийж дагуу хүлээж авсан аж. Мөн хил орчмын дэглэмийн зөрчлийн 6 удаагийн үйлдлээр 14 хүн зөвшөөрөлгүй хилийн зурваст нэвтэрч, хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн саатуулжээ. Үүнээс гадна 12 удаагийн үйлдлээр 263 тооны бод мал бэлчээрээр улсын хилд тулсныг илрүүлэн иргэдэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.


Тус ангийн харьяа Алтанбулаг сумын хариуцсан хэсэгт 3 хилийн салбар байрладаг байна. Энэ 3 салбарын хариуцсан хэсгээр хилийн дэглэмийн 2 удаагийн 7 тооны адуу хил давсныг илрүүлж, эзэн холбогдогч нарт хүлээлгэн өгчээ. Мөн хил орчмын дэглэмийн нэг удаагийн 100 тооны адуу дугаар салбарын хариуцсан хэсгээр улсын хилд тулсныг илрүүлж, иргэдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, иргэндээ хүлээлгэн өгч ажилласан гэж тус ангийн Хилийн албаны дарга Б.Ган-Эрдэнэ ярьсан юм.

Мөн он гарснаас хойш Алтанбулаг сумын Цөх 3-р багийн Хяраан орчмын иргэдтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хил хамгаалахад иргэдийг оролцуулж, малчдын бүлгэм байгуулан ахлагчаар нь Ч.Даваадорж гэдэг малчныг томилон ажиллуулж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж.


Гурвалсан гэрээ байгуулах зорилго бүхий хилчид малчдын уулзалтын үеэр ХЦ-ийн 0243-р ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Ганбат мэдээлэл өглөө. Тэрээр:

-Манай ангийн хариуцсан 400 гаруй км хэсгээр нийтдээ 60 гаруй мянган толгой малтай, 80 орчим айл өрх амьдарч байна. Мэдээ мэдээллийг үнэн зөв хүргэх, хил орчмын бүсэд амьдран суугаа иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Гэвч ажил маань хөрсөн дээр бууж байгаа уу гэдэгт дүгнэлт хийхгүй явж иржээ. Одоо дүгнэлт хийцгээе. Хамтарч ажиллахын тулд харилцан мэдээллийг тэгш тэнцвэртэй солилцох ёстой.  


Мэдээллийг тэгш хүртээмжтэй, үнэн зөв, тодорхой, ойлгомжтой хүргэх үүднээс та бүхэнтэй энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Мөн төрөөс болон иргэний нийгмийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зохистой хэмжээгээр нь ойлгомжтой байдлаар та бүхэнд хүргэх, мэдээллийн эх сурвалжийг бий болгох гэж байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Та бүхэнд хүрч байгаа мэдээ мэдээлийн зөв, үнэн, бодит байдал нь эргээд та бүхний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа юм шүү.


Бүх мэдээлэл та бүхэнд хурдан шуурхай, үнэн зөв байдлаар хүрээд байх юм бол ямар нэгэн хилийн дэглэм зөрчсөн асуудал үүсэхгүй, асуудлийг шийдэх боломж бидэнд байна. Ийм байдлаар аль аль тал нь хуулийн хүрээнд, өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд, өөрийнхөө эрх ашгийг алдагдуулахгүйгээр тэгш харилцан хамтран ажиллана гэсэн зорилготойгоор энэ уулзалтыг явуулж байна хэмээв. 



相关新闻