СҮХБААТАР: Алтан төлийн эздийн шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. 2022 он Сүхбаатар аймгийн ХАА-н салбарын хувьд амжилт арвинтай, мал сүрэг нь таван төрөл дээрээ өссөн, улс, аймаг, сумын аварга малчид олноор нэмэгдсэн жил байлаа. Малчдын хөдөлмөрийг алдаршуулж, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр олгодог хүндтэй шагналуудын нэг бол ХХААХҮЯ, МҮОНРТ хамтран олгодог “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлийн эзэн шагнал юм. Энэ жил тус шагналыг Сүхбаатар аймгаас 14 малчин шинээр хүртсэн бөгөөд зарим малчдын шагналыг УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын баг 2 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд гардуулж өглөө.
МӨНХХААН СУМЫН МАЛЧИН Д.ЭНХБАТ "АЛТАН УНАГА"-НЫ ЭЗЭН БОЛЛОО
Мөнххаан сумын 5 дугаар багийн малчин Д.Энхбат, Ц.Отгонтуяа нар "Алтан
унага"-ны эзэн боллоо. Сумын
аварга малчин өрх тэдний хувьд 1000 гаруй толгой малтай бөгөөд сүүлийн жилүүдэд
бод мал үүн дундаа ааваасаа өвлөн авсан адуун сүргээ тогтвортой өсгөж байгаа
аж. Одоогоор 200 гаруй адуутай, үүний дийлэнх нь хээлтэгч мал. Жилд 130-150
унага бойжуулдаг бөгөөд унага тамгалах үйл явц тэдний хувьд хамгийн том тэмдэглэлт
үйл явдал болдог гэдгийг хэллээ. Д.Энхбат нь Сумын алдарт уяач цолтой. Түүний
бүх адуу 100 хувь монгол адуу гэдгээрээ онцлог.
"АЛТАН ТУГАЛ"-ЫН ЭЗЭН М.НЯМДОРЖИЙН ХОТОНД ШАГНАЛТАЙ НЬ ЗЭРЭГЦЭН 14 ДЭХ ТУГАЛ НЬ ГАРЛАА
Алтан төл буюу "Алтан тугал"-ын эзнээр тодорсон Халзан сумын нэгдүгээр багийн малчин М.Нямдорж шагналаа хотондоо гардан авлаа. Эдний хотонд шинэ он гарсаар 13 үнээ тугалаад байсан бол түүнийг шагналаа гардах үеэр 14 дэх тугал нь гарсныг хол ойрын зочид, малчид бэлгэшээж байлаа.
1990 оноос хойш мал маллаж буй тэрээр өдгөө 1500 гаруй малтай
бөгөөд үхэр сүргээ өсгөхөд онцгой анхаардаг. Махны чиглэлээр үүлдэр угсааг нь
сайжруулж, 2 жил тутамд цус сэлгэлт хийдэг. Тэжээлд оруулахгүйгээр бэлчээрийн
аргаар өсгөж, үхрийг тугал байхаас нь ямар ч нөхцөлд тэсвэртэй байлгаж сургах
нь чухал гэдгийг хэллээ. Жилд 100 орчим тугал бойжуулж, мал сүргээ тогтмол
эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Мөн орон нутгийнхаа залуу гэр бүлийг
малжуулах, сум орон нутгийн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнд тогтмол
хандив, дэмжлэг үзүүлдэг үлгэр жишээ, хөдөлмөрч малчин. М.Нямдорж нь 2018 онд аймгийн аварга малчин болж байжээ.
ХАЛЗАН СУМЫН АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРДЭНЭБУЛГАН "АЛТАН УНАГА"-НЫ ЭЗЭН БОЛЛОО
Халзан сумын Халзан шанд багийн малчин Д.Эрдэнэбулган МҮОНРТ-ийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан унага"-ны эзэн болж,
шагналаа малын хот, адууныхаа уяан дээр гардан авсан юм. Д.Эрдэнэбулган нь бод мал голлон малладаг
бөгөөд адуун сүргээ өсгөсөөр өдгөө 800 гаруй адуутай болжээ. Тэрбээр сайн
адуучин төдийгүй сайн уяач. Аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы адууны угшлын
хурдан хүлгүүд улс даяар тархсан бөгөөд бүс, улсын наадамд тогтмол айраг түрүү
хүртэж, аймаг сум орон нутгийнхаа нэрийг дуурсгаж буй. Халзан суманд анх удаа
ирж буй тус шагнал жинхэнэ эзнээ олсон гэдгийг нутгийн малчин, уяачдын төлөөллүүд хэлж байлаа.
ААВЫНХАА ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭЖ ЯВАА АДУУЧИН ХҮҮ "АЛТАН УНАГА"-НЫ ЭЗЭН БОЛЛОО
2022 оны "Алтан унага"-ны эзнээр Баяндэлгэр сумын 6-р багийн малчин
Б.Эрдэнэтулга тодорсон юм. Хоёр ч их сургууль төгсөж боловсрол эзэмшсэн ч нябо
С.Буд хэмээн олондоо хүндлэгдсэн аавынхаа залгамж халааг үргэлжлүүлэн малчин
үүн дундаа адуучин болох замыг сонгожээ. Түүний
хувьд аавынхаа хүслийг гүйцэлдүүлэхийн зэрэгцээ өөрийн хөдөлмөрөө, малаа гэх
чин сэтгэлээ төр засагтаа үнэлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн сайн уяач гэхээс илүү маш сайн үүлдрийн адууг
бойжуулж бусдад түгээх чин хүсэлтэйгээ хэлж байсан юм. Сүхбаатар
аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд наадамд соёолон үрээ зургаад, "Жавхлант шарга-2022" хаврын бүсийн
уралдаанд соёолон морь нь айргийн
гуравт хурдалж, Баяндэлгэр сумын есөн алдартны нэг, сумын шилдэг уяач гээд өнгөрөгч
он түүний хувьд амжилтын жил байжээ.
158 ТУГАЛ БОЙЖУУЛСАН АМЖИЛТААРАА "АЛТАН ТУГАЛ" ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ
Энэ жил Сүхбаатар аймгаас "Алтан төл"-ийн эзэн шинээр 14 тодорсны
нэг нь Сүхбаатар сумын малчин Ө.Мөнхбаатар. Өнгөрсөн жил 158 төл бойжуулсан
амжилтаараа тэрээр "Алтан тугал"-ын эзэн болжээ. Ө.Мөнхбаатар, Д.Амаржаргал нар өрх тусгаарлаж, 30 жил мал маллахдаа 2008 онд мянгат малчин, 2014 онд сумын
сайн малчин, 2017 онд аймгийн аварга малчин болж байжээ.
2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 498 үхэр тоолуулжээ. Үүний 100 гаруй нь хээлтэгч мал. Жилдээ нийт төллөсөн үнээнээс 30 орчмыг сааж өрхийн хэрэглээний сүү цагаан идээгээ бэлтгэдэг. Сэлэнгэ, семминталь үүлдрийн бухаар сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, жил бүр 100 орчим үхрийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна.