СЭЛЭНГЭ:С.Нямжав:Үрийн аж ахуйн системийг Монголд тогтоогоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-27 14:02:18

Хушаат /МОНЦАМЭ/. Монгол Улсдаа анхдагч гэгддэг төмсний төрөлжсөн аж ахуй болох “Элит үр” ХХК Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаа явуулж байна.

 

Хөдөө аж ахуйн ухааны доктор С.Нямжав төмсний нутагшсан сортын элит үр үйлдвэрлэж, улсын төмсний үрийн хэрэгцээг хангах том зорилго өвөрлөн 2010 онд "Элит үр" компанийг Хушаат сумын үржил шимт хөрсийг түшиглэн байгуулжээ.

 

Тус компани өнөөдөр 513 га эргэлтийн талбайтай бөгөөд 150 гаусалгаатай тариалан эрхэлж байна. Усалгаатай талбайн 50-55 га-д төмс, 40-45 га-д хүнсний ногоо, 20-30 га-д буурцагт ургамал тариалж байгаа аж. Харин усалгаагүй талбайд жил бүр 200-250 га-д улаанбуудай, 25-30 га-д ногоон тэжээл тариалдаг байна.

 

Компанийн зүгээс үйл ажиллагаагаа улам илүү чанаржуулах бодлогыг баримтлан ажиллаж байгаа хэмээн “Элит үр” ХХК-ийн захирал С.Нямжав өгүүллээ.   

Мөн энэ хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн талбай дээрээ хүнсний болон боловсруулах чиглэлийн гадаад болон дотоодын 40 гаруй төмсний сорт, дугааруудыг судлах, ирээдүйтэй сортуудыг үржүүлж нутагшуулах, түүнчлэн шинэ сорт гаргах зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол хийж ирсэн байна.

 

Тус компанийн тариалалтад хэрэглэж байгаа гол сорт бол Германы дунд, эртийн болцтой Гала, нэн эртийн болцтой Солист сортуудыг нутагшуулж, савханцар төмсний Шеподи, чипсний Леондра сортууд нь ирээдүйтэй үрээр батлагджээ. Жил бүр эдгээр сортуудын элит үрийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа аж.


 

Түүнчлэн эх орны брэнд төмсний шинэ сорт гаргах ажлаа эрчимжүүлж, Сэлэнгэ-5, Сэлэнгэ-8 сортуудыг шинээр гаргах үр үржүүлгийн ажлуудаа чанаржуулан сайн чанарын үрээр хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээ хангах зорилготой ажиллаж байгаа талаараа С.Нямжав захирал ярьсан юм.   

 

Тус компанийн хувьд зөвхөн тариалах бус, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь давуу гэв. Тухайлбал төмсний таримлын сортыг судлах, технологийн болон сэлгээний судалгаа хийх. Мөн бичил булцуу үржүүлж, анхдагч үрийн аж ахуйн G-2 схемээр жил бүр 800-1000 тн төмсний нутагшсан сортын төмсний элит үр үйлдвэрлэн гаргаж байгаа аж.

 

Ингэснээр үрээ шинэчлэх шаардлагатай байгаа ААН, фермер, өрхийн тариалан эрхлэгчдэд нийлүүлдэг байна.

 

Дээрх амжилт, ололтынхоо үр дүнд тус хамт олон энэ жил "Улсын аварга тариаланч хамт олон" шагналын эзнээр гурав дахь удаагаа тодорчээ.

 

Ингээд “Элит үр” ХХК-ийн захирал С.Нямжавтай хөөрөлдлөө. Тэрээр:”Ер нь төмсний сорт чинь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг сорт байнга байгаад байж болохгүй. Араас нь дахиад Монгол орныхоо байгаль цаг уурт тохирсон, өндөр үр ашигтай, өвчлөл багатай, болц хурдтай, богино болцтой сортууд гаргаж байна.

Монгол оронд нутагшсан төмсний элит үрийг ганц манайд үйлдвэрлэж байгаа.

 

Хушаат сумын цэвэр сайхан хөрсөнд тарьж ургуулсан энэхүү сортоо бид 21 аймгийн 260 гаруй сум, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг. Бидний бас нэг онцлог бол үйлдвэрлэлдээ Германы техник, Голланд технологийг нэвтрүүлэн ажилладаг явдал. Үүнийхээ үр дүнд ч өндөр ургац авч байгаа. Мөн төмсний эрүүл, элит үрээр тариалалт хийснээр тухайн аж ахуйн нэгжүүд 4-5 жилдээ тогтмол өндөр ургац авах боломжтой. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан ололт юм.

 

Би төмсний үр үйлдвэрлэлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Өөрийнхөө 30-аад жилийн хөдөлмөрийнхөө үр шим, эрдмийн ажлынхаа үр дүнг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ирлээ.


Манай компанийн нийт ургацын 85 хувь нь үр байдаг. Манай Сэлэнгэчүүдэд боломж их бий. Хаяанд нь байгаа болохоор ойроос үрээ шинэчлээд байх боломжтой. Холоос авч зардал болохгүй, хэмнэлттэй. Хүмүүс одоо үрээ шинэчлэхээ мэддэг болсон. Шинэ үр, эрүүл үр авснаар өндөр ургац авч байна гэдгээ сайн ойлгодог. Манай үр бараг ихэнх нь захиалгаар борлуулдаг. Сайн чанартай учраас дорхноо дуусчихдаг.

 

Би Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч ажилладаг. Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн биотехнологийн лабораторид төмсний бичил булцууг ихэвчлэн гаргадаг. Түүнийг нь манайх авч үйлдвэрлэл дээрээ хоёр жил үржүүлээд жинхэнэ элит үрийг бий болгодог. Бидний хувьд үрийн аж ахуйн “G-2” гэсэн шинэ системээр ажилладаг. Энэ маань нэлээд ажиллагаатай үйлдвэрлэл.

Нэг ёсондоо үрийн аж ахуйн системийг Монголд тогтоогоод байна” хэмээв.

相关新闻