Үүрэн телефоны станцуудыг агаарын довтолгооноос хамгаалахад ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-01 11:58:37

МОСКВА./TASS/. Үүрэн телефоны операторуудын GSM загварын станцуудыг ашиглан нисгэгчгүй нисэх онгоц, далавчит пуужин болон жижиг оврын байлдааны нисэх онгоцуудыг илрүүлэх боломжтой. Ингэснээр Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн чадавхи мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж "Росэлектроника" хувьцаат компанийн Ерөнхий захирал Игорь Козлов ярьсныг “Известия” сонин иш татан уламжиллаа.

Тодруулбал, агаарын довтолгооноос хамгаалах “Рубеж” гэдэг системд үүрэн телефоны операторуудын тоног төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр үүрэн телефоны сүлжээний цахилгаан соронзон долгионы өөрчлөлтөөр нисдэг биетүүдийг илрүүлэх боломжтой аж.

Металл биетүүд цахилгаан соронзон орон зайд нэвтэрсэн тохиолдолд үүрэн холбооны станцууд тухайн орон зайд өөрчлөлт гарсныг тэр даруйд нь мэдрэх юм. Байг илрүүлэн тодорхойлсны дараа “Рубеж” систем нь өгөгдлүүдийг GSM сүлжээгээр дамжуулан Үндэсний батлан хамгаалахын удирдлагын төв болон Агаар-сансрын цэргийн зенитийн пуужингийн цогцолборуудыг хянах командын төвүүдэд илгээх аж.

Энэ систем нь ердийн радиолокацийн станцуудтай харьцуулахад “хамаагүй хямд төсөр” гэдгийг “Росэлектроника” компанийн ерөнхий зохион бүтээгч Илья Кубацкий онцлон дурдлаа. 

Х.Сарнай

 

相关新闻