УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жүг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жүг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Ким Ён Жүг Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд талархал илэрхийллээ. Тэрбээр иргэдийн оролцоог хангасан парламентын төлөвшүүлэхийн төлөө чармайн ажиллаж буйгаа дурдаад Монгол Улсын нийт ард иргэдийг төлөөлж чадахуйц төлөөллөөс бүрдсэн Зөвлөлдөх санал асуулгыг өчигдөр зохион байгуулж дууслаа. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой энэхүү Зөвлөлдөх санал асуулгад 800 гаруй иргэн оролцсон бөгөөд Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгнө гэлээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү УИХ-ын даргатай дахин уулзсандаа баяртай буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэсэн юм. Тухайлбал, БНСУ-ын “Green” эмнэлэгтэй хамтран хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлж, хүрээлэн буй орчин тэр дундаа дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг бууруулах, амьсгалын замын өвчний эмгэгийн үеийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ монгол эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөснөө дуулгав.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын Эва их сургуультай хамтран энэ оны 6 дугаар сард “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү форум бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг хангах, улс хоорондын итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тодорхой ахиц үзүүлнэ гэж үзэж байна гэлээ. Энэ хүрээнд зохион байгуулагдах эмэгтэйчүүдийн манлайллын форумд хатагтай Ким Ён Жүг үндсэн илтгэгчээр оролцохыг урив. Мөн Урал-Алтайн хэлний бүлэгт багтах улс орнуудын парламентын холбоог байгуулах чиглэлээр солонгосын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлээд БНСУ-ын Үндэсний Ассамблейн оролцоог хангахад Парламентын дэд даргын зүгээс анхаарч ажиллахыг хүслээ.
Хоёр улс НҮБ болон олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хамтран ажиллаж байгааг талууд онцлоод цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн солилцоог дэмжих зэргээр бүхий л талаар нягт хамтран ажиллана гэлээ.